54 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах эдийн засгийн хөшүүрэг
/Энэ зүйлийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хууль, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1.Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой аюултай нөлөөллийг багасгах дэвшилт арга, хоргүй, аюулгүй, бохирдолгүй, хаягдалгүй технологи нэврүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс урамшуулна.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
2.Экологийн боловсрол, хүмүүжил олгох, байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх ажилд төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4.Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно.
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5. Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.Энэ зүйлийн 4, 5, 8, 9 дахь хэсэгт заасан урамшуулал олгох журмыг Сангийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд батална.
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан мэдээлэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцлана.
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллагад 150000 төгрөгийн мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга ажлын 10 өдөрт багтаан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогын 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг тухайн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн нөхөрлөл, төрийн бус байгууллага, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилтанд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Байгаль орчин, уур амьсгалын сангаас олгоно.
/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
10.Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлого болон гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.
/Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Байгаль орчин, уур амьсгалын сангаас санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./