14 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтэд тавих шаардлага
14.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу тээврийн болон аюултай ачааны стандартыг баримтлан тусгай тоноглосон тээврийн хэрэгслээр аюулгүй байдлыг хангаж, харуул хамгаалалттай тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгслийн зөвшөөрөл, тээвэрлэлтийн маршрутыг цагдаагийн байгууллага олгож, харуул хамгаалалтыг дотоодын цэрэг гүйцэтгэж, аюулгүй байдалд хяналт тавина.
/2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.2.Тэсэрч дэлбэрэх бодисыг тэсэлгээний хэрэгслийн хамт тээвэрлэхийг хориглоно.
14.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн явцад гарч болзошгүй эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх зааварчилгааг тээврийн хэрэгслийн жолооч болон дагалдан яваа хүн бүрд танилцуулж, аюулгүй байдлыг хангасан байна.
14.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хот, тосгон, бусад суурин газраар тээвэрлэхдээ аюултай ачаа тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааны техникийн шаардлагыг хангасан байна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.5.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын талбайд ачиж, буулгана.
14.6.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг төмөр замаар тээвэрлэхдээ төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тагнуулын төв байгууллагын хамтран баталсан Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журмыг баримтална.
14.7.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журмыг цагдаагийн төв байгууллага геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.8.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тоо хэмжээг тогтоосон тээвэрлэх хуудсыг тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааны бэлэн байдал, даацыг харгалзан хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.9.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үеийн харуул хамгаалалтын зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./