15 дугаар зүйл. Тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлага

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлага

15.1.Тэсэлгээний ажлыг Монгол Улсын хуулийн этгээд гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Тэсэлгээний ажил явуулах хуулийн этгээдэд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах шаардлага тавина: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.1.мэргэжлийн ажиллах хүчинтэй байх;

15.2.2.цагдаагийн болон тагнуулын төв байгууллагын саналыг авсан байх;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.3.тэсэлгээний ажил явуулах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэй байх.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.3.Тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас олгосон хяналтын хуудсыг үндэслэн үйл ажиллагаа явуулах бөгөөд тэсэлгээний ажлын гүйцэтгэлийн тайланг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.4.Энэ хуулийн 15.2.2-т заасан байгууллага хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хууль болон Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтоосон тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлагыг хангасан эсэх талаар саналаа гаргана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.5.Энэ хуулийн 15.3-т заасан тайлан гаргах журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.6.Тэсэлгээчний эрхийг Монгол Улсын иргэнд олгох бөгөөд тэсэлгээчний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.7.Энэ хуулийн 15.2.1-д заасан мэргэжлийн ажиллах хүчинд тавих шаардлагыг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.8.Тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд түр агуулахыг тэсэлгээний ажил явуулах газарт тухай бүр байгуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.