16 дугаар зүйл. Үйлчлэгчийн эрх, үүрэг
16.1.Үйлчлэгч нь дараахь эрхтэй:
16.1.1.улс хоорондын шуудангийн үйлчилгээнд оролцох, гадаадын ижил төрлийн хуулийн этгээдтэй хамтран ажиллах;
16.1.2.үйлчилгээндээ захидлын дугтуй, ил захидал зэрэг өөрийн бүтээгдэхүүнийг хэрэглэх;
16.1.3.шуудангийн сүлжээ байгуулах, өргөтгөх, татан буулгах;
16.1.4.шаардлагатай гэж үзвэл шуудангийн зарим үйлчилгээг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэж, биелэлтэд нь хяналт тавих;
16.1.5.шуудангийн илгээмжид зохих журмын дагуу хяналт тавьж, битүүмжлэхийг үйлчлүүлэгчээс шаардах, илгээхийг хориглосон зүйлийг хүлээж авахаас татгалзах;
16.1.6.өөрийн байгууллагын таних тэмдэг, тусгай хувцас хэрэглэх;
16.1.7.хууль, гэрээнд заасан бусад эрх.
16.2.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч үйлчлэгч нь энэ хуулийн 16.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:
16.2.1.энэ хуулийн 7.1.5-д заасан бодлогын хүрээнд шуудангийн марк гаргах асуудлыг эрхлэн зохион байгуулах;
16.2.2.шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгсэл, бусад эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зохих журмын дагуу түрээслүүлэх.
/Дээрх 16.2 дахь хэсгийг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.3.Үйлчлэгч нь дараахь үүрэгтэй:
16.3.1.нийтэд хүртээмжтэй, үр ашигтай шуудангийн үйлчилгээ үзүүлэх;
16.3.2.шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хэрэгсэлтэй байх;
16.3.3. шуудангийн үйлчилгээ үзүүлэхээр тогтоосон хугацаа, шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.3.4.шуудангийн сүлжээ байгуулах, өргөтгөх, татан буулгах тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх;
16.3.5.өөрийн сүлжээг бусад үйлчлэгч холбогдоход нээлттэй байлгах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.3.6.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т заасны дагуу бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.3.7. хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.
/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.4.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч үйлчлэгч нь энэ хуулийн 16.3-д зааснаас гадна дараахь үүрэгтэй:
16.4.1.үйлчилгээндээ орчин үеийн шуудангийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;
16.4.2.энэ хуулийн 12.1-д заасан бүх нийтийн үйлчилгээг эрхлэн үзүүлэх;
16.4.3.хуульд зааснаас бусад нөхцөлд шуудангийн үйлчилгээг үл зогсоох.
/Дээрх 16.4 дэх хэсгийг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.5. Ажил үүргээ гүйцэтгэж яваа энэ хуулийн 16.1, 171.1-д заасан үйлчлэгч байгууллагын ажилтан нь үйлчлүүлэгчийн нутаг дэвсгэрт болон бүх төрлийн тээврийн буудал, орон нутгийн замын пост, гүүр, зогсоолд аливаа төлбөр, хураамжгүйгээр саадгүй нэвтрэх эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./