12 дугаар зүйл. Хариуцлагаас чөлөөлөх
12.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий байгууллагад энэ хуульд заасан журмын дагуу мэдээлэл өгснийг банкны, мэргэжлийн, мэргэжлийн үйл ажиллагааны, үйлчлүүлэгчийн, аж ахуйн нэгж, байгууллагын, бизнесийн болон бусад нууц задруулсан гэж үзэхгүй.
/Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн өгсөн мэдээлэл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилгогүй байсныг тогтоосон нь тухайн мэдээлэл өгсөн иргэн, хуулийн этгээдийг мэдээлэл өгсөнтэй нь холбогдуулан Эрүүгийн хууль, Иргэний хууль болон бусад хуульд заасан аливаа хариуцлагад татах үндэслэл болохгүй.
/Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.3.Тодорхой гүйлгээг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмын дагуу түдгэлзүүлснээс иргэн, хуулийн этгээдэд гэм хор учирсан нь энэ хуулийн 4.1-д заасан этгээд, түүний удирдлага, ажилтан болон Санхүүгийн мэдээллийн алба, тус албаны албан хаагчийг Эрүүгийн хууль, Иргэний хууль болон бусад хуульд заасан аливаа хариуцлагад татах үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.4.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон Санхүүгийн мэдээллийн албаны хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд гэм хор учирсан бол хохирлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.