14 дугаар зүйл. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналт

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналт

/Энэ зүйлийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна.

14.2.Дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр нь энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн бизнесийн цар хүрээ, үйл ажиллагааны онцлог, бүтэц, зохион байгуулалтад нийцсэн байх ба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжийг хангасан байна.

14.3.Дотоод хяналтын хөтөлбөрийг энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн харьяалагддаг санхүүгийн нэгдэл, тэдгээрийн бүх салбар нэгж, охин компани нь нэгэн адил хэрэгжүүлнэ.

14.4.Дотоод хяналтын хөтөлбөрт дараах асуудлыг тусгана:

14.4.1.харилцагч, бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийг харилцагчид хүргэх үйл ажиллагаанд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх аргачлал;

14.4.2.өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам;

14.4.3.шинэ технологи болон өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийг харилцагчид хүргэх арга хэлбэрийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээний зохицуулалт;

14.4.4.харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааны журам;

14.4.5.харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд дагаж мөрдөх зохицуулалт;

14.4.6.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл, төрийн болон олон улсын холбогдох байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалт;

14.4.7.тусгайлан хяналт тавих үйл ажиллагааны журам;

14.4.8.корреспондент банкны харилцаа тогтоох журам;

14.4.9.мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам;

14.4.10.сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээллийн нууцлалыг хадгалах, Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий бусад байгууллагад мэдээлэл өгөх, баримт бичиг шилжүүлэх, хадгалах журам;

14.4.11.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх журам, түүний эрх, үүрэг;

14.4.12.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох бусад журмын хэрэгжилтийг хангахад чиглэсэн дотоод сургалтын хөтөлбөр;

14.4.13.хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан бусад нөхцөл, шаардлага.

14.5.Дотоод хяналтын хөтөлбөрийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь өөрийн харьяалагддаг хяналт тавих эрх бүхий байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ.

14.6.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх хороо, эсхүл бие даасан дотоод хяналтын нэгжээр дамжуулан дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.