16 дугаар зүйл. Санхүүгийн мэдээллийн алба

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Санхүүгийн мэдээллийн алба

16.1.Санхүүгийн мэдээллийн алба нь мөнгө угаах гэмт хэрэг, түүнд холбогдох гэмт хэрэг, зөрчил болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой мэдээлэл, энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан мэдээллийг хүлээн авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүн шинжилгээний үр дүнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэсэн гүйлгээ, гүйлгээний оролдлогын талаарх мэдээллийг эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлэх чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага байна.

/Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

16.2.Санхүүгийн мэдээллийн алба нь Монголбанкны дэргэд ажиллана.

16.3.Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг тус албаны дарга, үйл ажиллагааны төсвийг тус албаны даргын саналыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч батална.

/Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.4.Санхүүгийн мэдээллийн албаны даргыг эрх бүхий хууль сахиулах байгууллагын даргатай зөвшилцөн Монголбанкны Ерөнхийлөгч томилж, чөлөөлнө.

16.5.Санхүүгийн мэдээллийн албаны дарга дараах шаардлагыг хангасан байна:

16.5.1.банк, санхүү, эсхүл хууль зүйн салбарт таваас доошгүй жил ажилласан;

16.5.2.зээлийн болон баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй.

16.6.Санхүүгийн мэдээллийн албаны хянан шалгагч, шинжээч дараах шаардлагыг хангасан байна:

16.6.1.банк, санхүү, эсхүл хууль зүйн салбарт хоёроос доошгүй жил ажилласан;

16.6.2.зээлийн болон баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй.

16.7.Санхүүгийн мэдээллийн албаны дарга нь санхүүгийн мэдээллийн улсын ахлах байцаагч, хянан шалгагч, шинжээч нь санхүүгийн мэдээллийн улсын байцаагч байна.

16.8.Санхүүгийн мэдээллийн албаны улсын ахлах байцаагчийн эрхийг Монголбанкны Ерөнхийлөгч, улсын байцаагчийн эрхийг улсын ахлах байцаагч олгоно.

16.9.Санхүүгийн мэдээллийн албаны дарга болон хянан шалгагч, шинжээч шаардлагатай тохиолдолд хяналт шалгалт хийх, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагаас лавлагаа гаргуулж авах бүрэн эрхтэй.

16.10.Санхүүгийн мэдээллийн албаны дотоод үйл ажиллагаатай холбогдох бусад журам, зааврыг Санхүүгийн мэдээллийн албаны дарга батална.

/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.