7 дугаар зүйл. Гүйлгээний талаар мэдээлэх

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Гүйлгээний талаар мэдээлэх

7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний, гадаад төлбөр тооцоо болон виртуал хөрөнгийн гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.Хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ хуулийн 4.1-д заасан этгээд энэ тухай 24 цагийн дотор сэжигтэй гүйлгээний тухай батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан этгээд мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл ирүүлэх журам, маягтын дагуу цахим хэлбэрээр ирүүлнэ. Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл ирүүлэх журам, маягтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны даргын саналыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгч батална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.4.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд Монголбанкны Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан мэдээлэл өгөх журмын дагуу тодорхой гүйлгээ, түүнд оролцогч талуудын тухай мэдээллийг эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад гаргаж өгнө.

7.5.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд шаардлагатай тохиолдолд Санхүүгийн мэдээллийн албаны даргын зөвшөөрснөөр бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.