20 дугаар зүйл. Үнэт цаас гаргагчийн нийтлэг үүрэг

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Үнэт цаас гаргагчийн нийтлэг үүрэг

20.1.Хуульд өөрөөр заагаагүй бол үнэт цаас гаргагч дараах нийтлэг үүрэгтэй байна:

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.1.1.үнэт цаас гаргах тухай шийдвэрийг эрх бүхий байгууллагын хурлаар хэлэлцэн гаргах;

20.1.2.үнэт цаасны арилжаатай холбоотой мэдээ, тайланг холбогдох аргачлал, маягтын дагуу үнэн зөв гаргаж, тогтоосон хугацаанд Хороонд хүргэх, нийтэд мэдээлэх;

20.1.3.Компанийн тухай хуульд зааснаас доошгүй тооны хараат бус гишүүнтэй байх;

20.1.4.тохиромжтой этгээдийг эрх бүхий албан тушаалтнаар томилох буюу сонгох;

20.1.5.үнэт цаасны танилцуулгад заасан төслийн хэрэгжилт өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр нийтэд болон хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх;

20.1.6.санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд, мөн жилийн эцсийн санхүүгийн тайланг Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар аудит хийлгүүлж, аудитын дүгнэлт гарснаас хойш аудитын дүгнэлтийн хамт ажлын гурван өдрийн дотор Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.1.7.үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаарх мэдээллийг Хорооноос тогтоосон журмын дагуу нийтэд мэдээлэх; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.8.хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.9.үнэт цаасны ханш, арилжааны хэмжээнд мэдэгдэхүйц нөлөөлж болох нөхцөл байдал үүсмэгц энэ тухай нийтэд нэн даруй мэдээлэх;

20.1.10.Хорооноос баталсан компанийн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх.

20.2.Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргад энэ хуулийн 20.1.3, 20.1.4, 20.1.6-20.1.8, 20.1.10 дахь заалт хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20.3.Үнэт цаасны ханш, арилжааны хэмжээнд мэдэгдэхүйц нөлөөлж болох мэдээллийн төрөл, түүнийг нийтэд мэдээлэх журмыг Хорооны зөвшөөрснөөр үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.5.Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаарх тогтмол болон тухай бүр ирүүлэх мэдээлэл, түүний ил тод байдлын журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.