21 дугаар зүйл. Үнэт цаас гаргагчтай холбоотой мэдээлэл шаардах, нэхэмжлэл гаргах

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Үнэт цаас гаргагчтай холбоотой мэдээлэл шаардах, нэхэмжлэл гаргах

21.1.Дараах нөхцөл байдал үүссэн, эсхүл үүсч болзошгүй гэж үзвэл Хороо үнэт цаас гаргагч болон түүний холбогдох этгээдээс тогтоосон журмын дагуу мэдээлэл ирүүлэхийг шаардах эрхтэй:

21.1.1.бусдыг хууран мэхлэх, залилах, завших зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон;

21.1.2.хууран мэхлэх, залилах, завших болон бусад хууль бус зорилгоор компанийг үүсгэн байгуулсан;

21.1.3.компанийн үүсгэн байгуулагч, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон бусад эрх бүхий албан тушаалтан нь тухайн компани, түүний хөрөнгө оруулагчийг хууран мэхлэх, залилах, завших болон бусад хууль бус ажиллагаа явуулсан;

21.1.4.хөрөнгө оруулагч болон нийтэд хүргэвэл зохих мэдээллийг холбогдох журмын дагуу хүргээгүй.

21.2.Үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

21.3.Шүүхийн шийдвэрийн дагуу үнэт цаас гаргагчийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй зөрчилдсөн нэмэлт, өөрчлөлтийг уг дүрэмд оруулахыг хориглоно.

КОМПАНИЙН ХУВЬЦААГ БҮХЭЛД НЬ БУЮУ ТҮҮНИЙ ХЯНАЛТЫН БАГЦЫГ ХУДАЛДАН АВАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.