22 дугаар зүйл. Компанийн хувьцааг худалдан авах санал гаргах
22.1.Компанийн хувьцааг худалдан авах санал /цаашид "санал" гэх/-ыг дараах хэлбэрээр гаргана:
22.1.1.компанийн хувьцаа эзэмшигч дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран, эсхүл хувьцаа эзэмшдэггүй этгээд тухайн компанийн хувьцааг бүхэлд нь, эсхүл хувьцааны хяналтын багцаас дээш хувийг худалдан авахаар сайн дурын үндсэн дээр;
22.1.2.компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран худалдан авсан хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 57.1-д заасан үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр.
22.2.Кастодианы үйл ажиллагаа эрхлэх байгууллага энэ хуулийн 22.1.2-т заасан үүрэг үүссэн тухай мэдээллийг компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авснаас хойш ажлын таван өдөрт багтаан Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад мэдэгдэх ба нийтэд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.3.Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа болон холбогдох этгээдтэй хамтран эзэмшиж байгаа этгээд нь уг хувьцааны хяналтын багцын хэмжээ нь таван хувиар нэмэгдсэн, буурсан тохиолдол бүрд ажлын таван өдрийн дотор Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад мэдэгдэх ба нийтэд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.4.Санал гаргагч нь компанийн хувьцааг худалдан авах саналаа Хороо болон нийтэд нэгэн зэрэг мэдэгдэнэ.
22.5.Санал гаргагч нь компанийн хувьцааг худалдан авахыг хувьцаа эзэмшигчдэд санал болгохдоо Компанийн тухай хуулийн 57.1-д заасан журмыг баримтлах бөгөөд худалдан авалттай холбоотой мэдээллийг сонирхогч бүх этгээдэд нэгэн зэрэг хүргэнэ.
22.6.Компанийн хувьцааг худалдан авах талаар нийтэд хүргэх мэдээлэлд дор дурдсан мэдээллийг тусгана:
22.6.1.санал гаргагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн тухайд оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
22.6.2.худалдан авахаар санал болгож байгаа нийт хувьцааны тоо болон нэгж хувьцааг худалдаж авах үнийн доод хэмжээ.
22.7.Санал гаргаснаас хойш хүчинтэй байх хугацаа нэг сараас доошгүй, гурван сараас дээшгүй байна.
22.8.Санал гаргагч нь хувьцаа худалдан авах саналыг нийтэд гаргахаас өмнө тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд энэ тухай мэдэгдэнэ.
22.9.Санал гаргагчийн хувьцаа худалдан авахаар санал болгох үнэ нь тухайн хувьцааны зах зээлийн үнээс доошгүй байх ба зах зээлийн үнийг тогтоох аргачлалыг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын саналыг үндэслэн Хороо тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./