24 дугаар зүйл. Зохицуулалттай үйл ажиллагаа

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Зохицуулалттай үйл ажиллагаа

24.1.Зохицуулалттай үйл ажиллагаанд дор дурдсан үйл ажиллагаа хамаарна:

24.1.1.үнэт цаасны брокерийн;

24.1.2.үнэт цаасны дилерийн;

24.1.3.үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн;

24.1.4.үнэт цаасны итгэмжлэн удирдах;

24.1.5.андеррайтерийн;

24.1.6.үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн;

24.1.7.үнэт цаасны клирингийн; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.8.үнэт цаасны төлбөр тооцооны; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.9.үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн;

24.1.10.кастодианы;

24.1.11.үнэт цаасны арилжаа эрхлэх;

24.1.12.хамтын хөрөнгө оруулалтын сангийн; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

24.1.13.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заасан хөрөнгө оруулалтын менежментийн; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

24.1.14.санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох;

24.1.15.үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх;

24.1.16.үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх;

24.1.17.үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх;

24.1.18.Хорооноос зохицуулалттай гэж тооцсон бусад. /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

24.1.19.хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.2.Энэ хуулийн 24.1.1-24.1.14-т заасан үйл ажиллагааг Хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.3.Энэ хуулийн 24.1.15-24.1.17, 24.1.19-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээд Хорооноос тогтоосон нөхцөл, шаардлагыг ханган, Хороонд бүртгүүлсний үндсэн дээр эрхэлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

24.4.Энэ хуулийн 24.1.14-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанктай зөвшилцсөнөөр Хороо олгоно.

24.5.Энэ хуулийн 24.1.1-24.1.11, 24.1.13-т заасан үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээдийн хувьцаа эзэмшигч нь Хорооны зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглох ба энэ заалт нь хувьцаат компанийн хэлбэртэй зохицуулалттай этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хамаарна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.6.Энэ хуулийн 24.1.1-24.1.14-т заасан үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг байгуулахдаа Хорооноос зөвшөөрөл авна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.7.Энэ хуулийн 24.1.1-24.1.5, 24.1.14-т заасан үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээдийн нэр нь түүний оноосон нэр болон "Үнэт цаасны компани" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ҮЦК" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.8.Энэ хуулийн 24.7-д зааснаас өөр этгээд өөрийн оноосон нэртэй "Үнэт цаасны компани" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ҮЦК" гэсэн товчилсон тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.

24.9.Энэ хуулийн 24.7 дахь хэсгийн заалт хөрөнгийн бирж, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд болон банкинд хамаарахгүй.

24.10.Нийтэд санал болгосноос бусад тохиолдолд энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5, 24.1.6, 24.1.7, 24.1.8, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.13, 24.1.19-д заасан үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээдийн хувьцааг худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхэд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна: /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.10.1.хэлцэл хийж байгаа мөнгөн хөрөнгийн гарал үүсэл нь зээлийн эх үүсвэрээс бүрдээгүй, хууль ёсны байх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.10.2.хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулсан байх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.10.3.хувьцааг тэргүүн ээлжид худалдан авахтай холбоотой Компанийн тухай хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлсэн байх. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.11.Салбар, төлөөлөгчийн газар байгуулахыг хүссэн зохицуулалттай этгээд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна: /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.11.1.сүүлийн 2 улиралд Хорооноос баталсан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласан байх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.11.2.салбар, төлөөлөгчийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулах ажлын байртай, тухайн салбар, төлөөлөгчийн газарт тогтмол ажиллах ажилтантай байх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.11.3.салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, программ хангамжтай байх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.11.4.салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журмыг баталсан байх. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.12.Энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5, 24.1.6, 24.1.7, 24.1.8, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14-т заасан зохицуулалттай этгээд нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл авах хүсэлт гаргасан баримт бичгийг ирүүлсэн өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор хянаж, шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.13.Энэ хуулийн 24.12-т заасан шийдвэр гаргахад нэмэлт баримт бичиг, тайлбар гаргуулах шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргах хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр сунгаж болно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.