26 дугаар зүйл. Зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26.1.Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг Хорооноос баталсан багц дүрмээр зохицуулна.

26.2.Зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм нь дор дурдсан дүрэм, журам, аргачлал, заавраас бүрдэнэ:

26.2.1.энэ хуулийн 24.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам болон түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай журам;

26.2.2.зохицуулалттай этгээдэд тавих нөхцөл, шаардлага, тэдгээрийн төлбөрийн чадварыг тодорхойлох аргачлал, шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам;

26.2.3.зохицуулалттай этгээдийн эрсдэлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам;

26.2.4.хуульд өөрөөр заагаагүй бол зохицуулалттай этгээдийн үйлчилгээний хураамж, шимтгэлийн дээд хязгаарыг тогтоох;

26.2.5.хуульд заасан мэдээллийг Хороонд хүргүүлэх, нийтэд мэдээлэх, түүнд хяналт тавих журам;

26.2.6.зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчаас зар сурталчилгаа явуулах журам;

26.2.7.харилцагчид үйлчилгээ үзүүлэх, түүнийг баримтжуулах журам, заавар;

26.2.8.харилцагчийн даалгаврыг хүлээж авах, биелүүлэх журам;

26.2.9.зохицуулалттай этгээдийн эрх бүхий албан тушаалтныг томилох, тохиромжтой этгээдийг тодорхойлох журам;

26.2.10.зохицуулалттай этгээдийн архивын баримт бүрдүүлэх, хадгалах, шилжүүлэх журам;

26.2.11.зохицуулалттай этгээдээс Хороонд мэдээ, тайлан гаргах заавар;

26.2.12.зохицуулалттай этгээдийн салбар, төлөөлөгчийн газар нээх, тэдгээрт тавих нөхцөл, шаардлага;

26.2.13.зохицуулалттай этгээдээс төлөх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;

26.2.14.зохицуулалттай этгээдээс түүнтэй холбогдох этгээдийн талаар Хороонд мэдээлэл ирүүлэх, уг мэдээллийг нийтэд мэдээлэх журам.

ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, БҮРТГЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.