27 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах
27.1.Энэ хуулийн 24.2-т заасан тусгай зөвшөөрлийг авахыг хүссэн хуулийн этгээд тогтоосон маягтын дагуу Хороонд өргөдөл гаргана.
27.2.Энэ хуулийн 27.1-д заасан өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дор дурдсан баримт бичгийг хавсаргана: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.2.1.хуулийн этгээдийн дүрмийн хуулбар;
27.2.2.үүсгэн байгуулагч, эсхүл хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээлэл, тэдгээрийн төлбөрийн чадвар, банк, санхүүгийн байгууллагад болон бусад этгээдэд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй тухай тодорхойлолт, тохиромжтой этгээд болох тухай мэдээлэл;
27.2.3.Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан тухай баримт; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.2.4.мэргэжил, мэргэшлийн дадлага, туршлагатай, тухайн үйл ажиллагааг зохих ёсоор эрхлэх боловсон хүчнээр хангагдсан тухай баримт;
27.2.5.тухайн үйл ажиллагааг эрхлэх ажлын байр, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн шаардлагыг хангасан тухай баримт;
27.2.6.тухайн үйл ажиллагааг эрхлэх гурваас доошгүй жилийн бизнесийн болон эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө;
27.2.7.Хорооноос тогтоосон журамд заасан бусад нэмэлт баримт, мэдээлэл.
27.2.8.гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь энэ хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ажил, үйлчилгээний төрөлд нийцсэн эрх авсан талаарх нотлох баримт; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
27.2.9.үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэл, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, удирдах дотоод хяналтын журамтай, түүнийг хэрэгжүүлэх хараат бус дотоод хяналтын ажилтантай байх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
27.2.10.гүйцэтгэх удирдлага, мэргэжилтэн нь мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
27.3.Банк, түүний толгой, банкны нэгдэлд орсон болон банкны хувьцааны таваас дээш хувийг эзэмшиж байгаа хуулийн этгээд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхээр Хороонд хүсэлт гаргаж байгаа тохиолдолд Банкны тухай хуульд заасан холбогдох журмыг баримтална.
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.4.Үнэт цаасны арилжааны төлбөр, тооцооны, эсхүл кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүсэж байгаа хуулийн этгээд нь хөрөнгийн биржийн арилжааны цахим сүлжээнд холбогдсон байх бөгөөд энэ талаарх баримтыг энэ хуулийн 27.1-д заасан өргөдөлд хавсаргана.
27.5.Үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүсэж байгаа хуулийн этгээд нь үнэт цаасны арилжааны төлбөрийн болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллагын цахим сүлжээнд холбогдсон байх бөгөөд энэ талаарх баримтыг энэ хуулийн 27.1-д заасан өргөдөлд хавсаргана.