28 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох
28.1.Энэ хуулийн 27.1-д заасан өргөдөл гаргагч нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд Хороо түүнд тусгай зөвшөөрлийг хугацаагүйгээр олгоно: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.1.1.хуулийн этгээд тухайн зохицуулалттай үйл ажиллагааг эрхлэхэд түүний бусад үйл ажиллагаатай харшлахгүй, сонирхлын зөрчил үүсгэхгүй гэж үзсэн;
28.1.2.эрх бүхий албан тушаалтан нь тохиромжтой этгээд болох нь тогтоогдсон;
28.1.3.хүний нөөцийн хувьд Хорооноос тогтоосон шаардлага хангасан;
28.1.4.Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.1.5.ажлын байр, техник, тоног төхөөрөмж, программ хангамж нь тухайн үйл ажиллагааг эрхлэх шаардлагыг хангасан;
28.1.6.хуульд заасны дагуу Хорооноос тогтоосон бусад нэмэлт нөхцөл, шаардлагыг хангасан.
28.2.Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд тухайн үйл ажиллагааг эрхлэх нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзвэл Хороо түүнд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана.