29 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

29.1.Хороо дор дурдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар түдгэлзүүлж болно: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

29.1.2.хууль, Хорооноос тогтоосон журмыг зөрчсөн талаар үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, клиринг, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага зэрэг өөрийгөө зохицуулах байгууллагаас гаргасан хүсэлт нь үндэслэл бүхий бол; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

29.1.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, эсхүл хангахгүй болсон;

29.1.4.Хорооноос энэ хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу өгсөн даалгаврыг биелүүлээгүй;

29.1.5.Хорооноос шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй болон алдаатай, зөрүүтэй, худал, хуурамч, дутуу, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн;

29.1.6.тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан нь тохиромжтой этгээд биш болсон;

29.1.7.зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тогтоосон хугацаанд төлөөгүй.

29.2.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтээ Хороонд ирүүлнэ.

29.3.Хороо энэ хуулийн 29.2-т заасан хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

29.4.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацааг өөрчлөх үндэслэл болохгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.