35 дугаар зүйл. Мэргэжилтэнд эрх олгох

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Мэргэжилтэнд эрх олгох

35.1.Энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5, 24.1.6, 24.1.7, 24.1.8, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14-т заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд ажиллах мэргэжилтэн энэ хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбооноос эрх авсан байна. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.2.Мэргэжилтэнд олгох эрх нь эрхлэх ажил, үйлчилгээний төрөл, мэргэшлийн түвшнээс хамаарч тодорхой төрөл, зэрэглэлтэй байна.

35.3.Энэ хуулийн 35.2-т заасан төрөл, зэрэглэлийг үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн холбоо болон өөрийгөө зохицуулах байгууллагын саналыг харгалзан Хороо тогтооно.

35.4.Мэргэшлийн шалгаруулалтад тэнцсэн иргэнд энэ хуулийн 35.5-д заасан Мэргэшлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 35.1-д заасан эрхийг олгоно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.5.Мэргэшлийн шалгаруулалт, мэргэжилтэнд зориулсан үргэлжилсэн сургалтыг Мэргэшлийн зөвлөл эрхлэн гүйцэтгэх бөгөөд Мэргэшлийн зөвлөл нь есөн гишүүнтэй байна. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.6.Мэргэшлийн зөвлөлийн гишүүн нь холбогдох төрийн захиргааны байгууллага, өөрийгөө зохицуулах болон холбогдох мэргэжлийн байгууллагаас санал болгосон, санхүү, эдийн засаг, хууль зүйн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай этгээд байна.

35.7.Мэргэшлийн зөвлөлийн үйл ажиллагааны журам болон бүрэлдэхүүнийг томилох журмыг Хороо тогтооно.

35.8.Мэргэшлийн зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь Хорооны төлөөлөл байна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35.9.Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үргэлжилсэн сургалт зохион байгуулахтай холбогдсон журмыг энэ хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбоо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨРӨЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.