36 дугаар зүйл. Үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа
36.1.Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа /цаашид "брокерийн үйл ажиллагаа" гэх/ гэнэ.
36.2.Брокер нь хууль тогтоомж, Хороо болон харьяалах хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоо, хадгаламжийн байгууллага зэрэг гишүүнчлэл бүхий өөрийгөө зохицуулах байгууллагаас баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй.
36.3.Брокер болон түүний харилцагчийн хоорондын харилцааг гэрээгээр зохицуулах бөгөөд брокерийн үйлчилгээ үзүүлэх гэрээний нөхцөл, түүнд тавих шаардлагыг Хороо тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
36.4.Брокер нь харилцагчийн даалгаврыг гэрээнд заасан нөхцөл, шаардлагын дагуу үнэнч шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл өөрчлөгдөхөөр бол энэ тухай харилцагчид мэдэгдэж, даалгаврыг шинэчлүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
36.5.Брокер нь дилерийн үйл ажиллагаа давхар эрхэлж байгаа эсэхээс үл хамаарч харилцагчийн даалгаврыг тэргүүн ээлжид биелүүлэх, харилцагчдын захиалгыг, захиалга өгсөн дарааллын дагуу гүйцэтгэх үүрэгтэй.
36.6.Брокер нь харилцагчтай брокерийн үйлчилгээ үзүүлэх талаар аливаа гэрээ байгуулахаас өмнө сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэгдэх, эсхүл гэрээ байгуулсны дараа сонирхлын зөрчил үүссэн бол энэ тухай харилцагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
36.7.Харилцагчтай гэрээ байгуулахаас өмнө түүнд урьдчилан мэдэгдээгүй, эсхүл гэрээ байгуулсны дараа үүссэн сонирхлын зөрчлийн талаар нэн даруй мэдэгдээгүйн улмаас тухайн харилцагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн брокерийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хариуцна.
36.8.Брокер нь харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг мөнгөн хөрөнгө, үнэт цаас хадгалах эрх бүхий байгууллагад тусгайлан нээсэн дансанд, эсхүл номиналь дансанд өөрийн мөнгөн хөрөнгө, үнэт цааснаас тусад нь байршуулж ажиллана. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
36.9.Энэ хуулийн 36.8-д заасан харилцагчийн мөнгөн хөрөнгө үнэт цаасыг хадгалах данс нь зөвхөн үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог гүйцэтгэх зорилго бүхий үнэт цаасны арилжааны данс байна.
36.10.Энэ хуулийн 36.8-д заасны дагуу харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг хадгалах дансан дахь мөнгөн хөрөнгийг харилцагч болон түүнээс олгосон итгэмжлэл бүхий этгээдээс бусад этгээд үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог гүйцэтгэхээс бусад зорилгоор захиран зарцуулахыг хориглоно.
36.11.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол брокер нь өөрийн харилцагчтай байгуулсан гэрээний дагуу түүнээс хүлээн авсан, эсхүл түүний даалгавраар бусадтай байгуулсан гэрээний дагуу түүний нэр дээр бусдаас хүлээн авсан мөнгөн хөрөнгийг мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагад тухайн харилцагчийн нэр дээр, эсхүл мөнгөн хөрөнгийн номиналь дансанд байршуулах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
36.12.Брокер нь харилцагчийн өмчлөл дэх үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг харилцагч тус бүрээр хөтөлж, бүртгэлийг тогтоосон журмын дагуу харилцагчид танилцуулах үүрэгтэй.
36.13.Брокер нь өөрийн харилцагчийг таниж мэдэх үүрэгтэй бөгөөд хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу тухайн үнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй эсэхийг нягтлан, оролцох эрхгүй арилжаанд оролцохоор өгсөн харилцагчийн даалгаврыг биелүүлэхээс татгалзана.
36.14.Брокерын нэр дээрх харилцагчийн мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны номиналь данснаас бусдын өмнө брокерийн хүлээсэн үүргийг гүйцэтгэхгүй ба эрх бүхий этгээдээс брокерын дансыг битүүмжлэх тохиолдолд харилцагчийн мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны номиналь дансыг давхар битүүмжлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
36.15.Гэрээнд заасны дагуу үнэт цаас худалдан авахтай нь холбогдуулан брокер нь харилцагчид зээл олгох, харилцагчийн болон брокерийн номиналь данс хоорондын шилжүүлгээс бусад тохиолдолд өөрийн болон харилцагчийн данс хооронд мөнгөн хөрөнгө шилжүүлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
36.16.Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааг Хорооны зөвшөөрлөөр эрхлэх бөгөөд энэ харилцааг зохицуулсан журмыг Хороо тогтооно.
36.17.Брокер үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн номиналь данс эзэмшихэд тавих нөхцөл шаардлага, тухайн дансаар дамжуулан харилцагчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./