38 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
38.1.Хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бүрэн төлөөлж ажиллах, сангийн хөрөнгийг үр ашигтайгаар өсгөн нэмэгдүүлэх зорилготой байна.
38.2.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө нягтлан бодох бүртгэлийн хувьд түүний үүсгэн байгуулагчдын хөрөнгөөс тусгаарлагдсан байх бөгөөд сангийн хөрөнгийг кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад, эсхүл эрх бүхий банкинд нээсэн тусгай дансанд хадгалуулна.
38.3.Хөрөнгө оруулалтын сан нь үйл ажиллагаа эрхлэх төрлөөсөө хамаарч хуулийн этгээдийн эрхтэй, эсхүл хуулиар зөвшөөрсөн бусад хэлбэртэй байж болох бөгөөд хөрөнгө оруулалтын сангийн хуулийн этгээдийн эрхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
38.4.Хөрөнгө оруулалтын сан Хорооноос тогтоосон журмын дагуу нэгж эрх гаргаж болно.
/Энэ хэсэгт 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.5.Хөрөнгө оруулалтын сан нь дараах төрөлтэй байна:
38.5.1.үнэт цаасаа бусдад худалдахаар байнга санал болгож, эрэлтийн хэмжээгээр гаргадаг бөгөөд үнэт цаасаа эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг буюу нээлттэй;
38.5.2.үүсгэн байгуулагчаас тогтоосон хөрөнгийн хэмжээнд багтаан нийтэд санал болгох хэлбэрээр үнэт цаас гаргаж, зах зээлийн үнээр худалддаг, өөрийн гаргасан үнэт цаасыг эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй буюу хаалттай;
38.5.3.Хорооноос зөвшөөрсөн бусад төрөл.
38.6.Хөрөнгө оруулалтын сан дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
38.6.1.хөрөнгө оруулалтын бодлого, хууль болон Хорооноос зөвшөөрснөөс бусад төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх, сангийн хөрөнгийг зарцуулах;
38.6.2.сангийн хөрөнгө оруулагчид ашиг олох, хувьцаагаа тодорхой үнэ ханшаар эргүүлэн авах амлалт, баталгаа гаргах, хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарч тогтоосон хязгаараас хэтрүүлэн зээл авах бусдад зээл олгох;
/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.6.3.сангийн нэгж эрхийг зээлээр олгох;
/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.6.4.сангийн удирдлага нь хувийн ашиг сонирхлын үүднээс сангийн хөрөнгийг зарцуулах, удирдлагын зардлыг үндэслэлгүй хэтрүүлэх;
38.6.5.сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ эрсдэлийг төвлөрүүлэх.
38.7.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн удирдлагыг хөрөнгө итгэмжлэх гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулалтын менежментийн компани эрхлэх бөгөөд уг компани нь Хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд байна.
38.8.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь үйлчилгээний зардлын төлбөр, гүйцэтгэлийн урамшууллаас бусад төлбөр, хураамжийг сангийн хөрөнгөөс гаргахыг хориглоно.
38.9.Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон бусад үйл ажиллагаатай холбоотой журмыг Хороо тогтооно.
38.10.Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны онцлогтой холбогдох энэ хуульд зааснаас бусад харилцааг хууль болон Хорооноос тогтоосон журмаар зохицуулна.