4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“үнэт цаасны зах зээл” гэж үнэт цаасыг бүртгүүлэх, гаргах, арилжих, түүгээр гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх, клиринг, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зах зээлийн харилцааг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.2.“биржийн зах зээл” гэж үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлсэн үнэт цаасыг арилжихтай холбогдсон харилцааг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.3.“биржийн бус зах зээл” гэж энэ хуулийн 4.1.19-д заасан этгээд хууль тогтоомжоор хориглоогүй, өөрийн өмчлөлийн болон өмчлөгчөөс эрх олгосон хөрөнгөөр санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.4.“үнэт цаасны анхдагч зах зээл” гэж үнэт цаас гаргагч үнэт цаасаа нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд худалдахтай холбогдсон харилцааг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.5."үнэт цаасны хоёрдогч зах зээл" гэж үнэт цаасны анхдагч зах зээлд гаргасан үнэт цаасыг дахин арилжихтай холбогдсон харилцааг;
4.1.6."санхүүгийн хэрэгсэл" гэж үнэт цаас, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, мөнгөний болон зохицуулалттай зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслийг;
4.1.7.“үүсмэл санхүүгийн хэрэгсэл /дериватив/” гэж опцион гэрээ, фьючерсийн гэрээ, форвард гэрээ, своп гэрээ болон Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслийг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.8."үнэт цаас" гэж энэ хуулийн 5.1-д заасан санхүүгийн хэрэгслийг;
4.1.9."өрийн хэрэгсэл" гэж үнэт цаас гаргагчаас тогтоосон нөхцөлийн дагуу үндсэн төлбөр болон хүүг мөнгөн хэлбэрээр, эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр тухайн үнэт цаасыг эзэмшигчид эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн болон түүнтэй адилтгах бусад үнэт цаасыг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.10."опцион гэрээ" гэж тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдан авах, эсхүл худалдахыг нөгөө талаас шаардах эрхийг нэг талд үүсгэх боловч үүргийг бий болгодоггүй, харин нөгөө талд уг шаардлагыг биелүүлэх үүргийг үүсгэдэг үүсмэл санхүүгийн хэрэгслийг; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.11."фьючерсийн гэрээ" гэж талууд тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг урьдчилан тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах үүргийг үүсгэдэг үүсмэл санхүүгийн хэрэгслийг; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.12."хадгаламжийн бичиг" гэж хадгаламжийн бичиг гаргагч /депозитор/ суурь үнэт цаасыг үнэт цаасны хадгаламж /кастодиан/-ийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад хадгалуулсны үндсэн дээр өөр улсын үнэт цаасны зах зээлд арилжих зорилгоор гаргасан үнэт цаасыг;
4.1.13.“хадгаламжийн бичиг гаргагч /депозитор/” гэж Монгол Улсын болон гадаад улсын үнэт цаасны хадгаламжийн /кастодиан/ үйл ажиллагаа эрхлэгч этгээдийг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.14."суурь үнэт цаас" гэж хадгаламжийн бичгийг баталгаажуулах санхүүгийн хэрэгслийг;
4.1.15."үнэт цаасны танилцуулга" гэж үнэт цаасны захиалга авах, худалдах зорилгоор үнэт цаас гаргагчаас холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу бэлтгэж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн танилцуулга, баримт бичгийн бүрдлийг;
4.1.16."үнэт цаасны зах зээлд оролцогч" гэж үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон хөрөнгө оруулагчийг;
4.1.17."зохицуулалттай этгээд" гэж энэ хуулийн 24.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.18."мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа" гэж хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд төвлөрүүлсэн хөрөнгөөр энэ хуулийн 4.1.19-д заасан банк бус санхүүгийн байгууллага, андеррайтер, дилерээс бусад этгээд мэргэжлийн түвшинд үр ашигтай хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг;
4.1.19.“мэргэжлийн хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгал, андеррайтер, дилер, үнэт цаасны итгэмжлэн удирдах, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зэрэг хуулиар болон Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж тогтоосон бусад этгээдийг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.20."үнэт цаас гаргагч" гэж энэ хуульд заасны дагуу үнэт цаасны зах зээлд арилжих үнэт цаасаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн, эсхүл бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаа этгээдийг;
4.1.21."нийтэд санал болгох" гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-аас дээш тооны этгээдэд санал болгон худалдахаа цахим орчин дахь олон нийтийн сүлжээ, мэдээлэх хэрэгслээр нийтэд мэдэгдэхийг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.22."нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл" гэж энэ хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг;
4.1.23."үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл" гэж энэ хуульд заасан журмын дагуу үнэт цаасны өмчлөх эрхийг баталгаажуулах бүртгэлийг;
4.1.24."үнэт цаасны бүртгэгч" гэж үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр улсын хэмжээнд үнэт цаасыг төвлөрсөн хадгаламжид бүртгэн, нэгдсэн бүртгэлийг хөтлөх хуулийн этгээдийг;
4.1.25."номиналь эзэмшигч" гэж үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлд хадгалагчаар бүртгэгдсэн, тухайн үнэт цаасны өмчлөгч /бенефициар өмчлөгч/ бус зохицуулалттай этгээдийг;
4.1.26."бенефициар өмчлөгч" гэж хуульд заасны дагуу номиналь эзэмшигчийн нэр дээр өөрийн өмчлөл дэх үнэт цаасыг бүртгүүлсэн, тухайн үнэт цааснаас үүсэх үр шимийг хүртэх эрхтэй жинхэнэ өмчлөгчийг;
4.1.27.“үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэл” гэж тухайн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын арилжаанд оруулахыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.28."хөрөнгийн бирж" гэж үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.1.29."нөлөө бүхий хувьцаа эзэмшигч" гэж тухайн компанийн гаргасан саналын эрхтэй нийт хувьцааны тав болон түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа болон тэдгээрийн саналын эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
4.1.30."холбогдох этгээд" гэж дараах этгээдийг:
4.1.30.а.хувь хүний тухайд тухайн хүний эхнэр, нөхөр, хүү, охин, өргөмөл хүү, өргөмөл охин буюу дагавар хүү, дагавар охин, хүргэн, бэр, ач, зээ, өөрийн болон түүний эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, хойд эцэг, хойд эх, ах, эгч, дүү, эцэг нэгтэй буюу эх нэгтэй ах, эгч, дүү;
4.1.30.б.тухайн хүн эрх бүхий албан тушаалтнаар нь ажилладаг хуулийн этгээд;
4.1.30.в.энэ хуулийн 4.1.30-д заасан этгээд дангаар, эсхүл хамтдаа эзэмших саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг компани болон хуулийн этгээд;
4.1.30.г.тухайн этгээд ажил олгогч бол түүний ажилтан;
4.1.30.д.компани бол түүний толгой, хараат, охин, зэргэлдээ компани;
4.1.30.е.Санхүүгийн зохицуулах хорооноос "холбогдох этгээд" гэж тодорхойлсон бусад этгээд.
4.1.31."хуулийн этгээдийн нэгдэл" гэж үнэт цаасны зах зээлд оролцогчтой холбоотой дараах хуулийн этгээдийг:
4.1.31.а.үнэт цаасны зах зээлд оролцогчийн толгой компани, нөхөрлөл, бусад хуулийн этгээд;
4.1.31.б.үнэт цаасны зах зээлд оролцогчийн хараат, охин, зэргэлдээ компани, нөхөрлөл, бусад хуулийн этгээд;
4.1.31.в.үнэт цаасны зах зээлд оролцогчийн хараат, охин компанийн толгой компани;
4.1.31.г.үнэт цаасны зах зээлд оролцогчийн энэ хуулийн 4.1.31.а, 4.1.31.б-д заасан хуулийн этгээдийн хяналтын багцыг эзэмшиж байгаа этгээд.
4.1.32."хөрөнгө оруулалтын сан" гэж хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар энэ хуулийн 4.1.18-д заасан үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс, эсхүл хаалттай хүрээнд төвлөрүүлсэн хөрөнгийн санг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.1.33."хөрөнгө оруулалтын менежментийн компани" гэж хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээний дагуу түүний хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай хуулийн этгээд. /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.34.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.35.“форвард гэрээ” гэж талуудад тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг урьдчилан тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах үүргийг үүсгэх биржийн бус зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгслийг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.36.“своп гэрээ” гэж талуудад хоёр өөр суурь хөрөнгө, санхүүгийн хэрэгслээс үүсэх ирээдүйн мөнгөн урсгал болон төлбөрийн үүргийг тогтоосон хугацаанд солилцох үүргийг үүсгэх биржийн бус зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгслийг; //Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.37.“хаалттай хүрээнд худалдах” гэж үнэт цаасыг нийтэд санал болгохгүйгээр 50-аас дээшгүй тооны этгээдэд урьдчилан тохиролцон, эсхүл шууд санал болгон худалдахыг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.38.“хувьцааны хамтын санхүүжилт” гэж гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч энэ хуулийн 501.1-д заасан этгээдээр дамжуулан өөрсдийн бизнесийн төсөл, хөтөлбөрөө хөрөнгө оруулагчид танилцуулж, хувьцаагаа санал болгох замаар санхүүжилт татах үйл ажиллагааг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.39.“номиналь данс” гэж харилцагчийн мөнгөн хөрөнгө болон үнэт цаасыг нэгтгэн бүртгэх, хадгалах болон төлбөр гүйцэтгэх зориулалт бүхий дансыг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.40.“олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл” гэж Монгол Улсын нэгдэн орсон олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын үнэт цаасны зах зээлд гаргах өрийн хэрэгслийг. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
ҮНЭТ ЦААС ГАРГАХ, АРИЛЖИХ