40 дугаар зүйл. Үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагаа

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагаа

40.1.Итгэмжлэгч харилцагчийн үнэт цаас, түүнтэй холбоотой хөрөнгийн өмчлөх эрхийг хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд заасан хязгаарын хүрээнд хэрэгжүүлэхийг үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагаа гэнэ.

40.2.Үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч /цаашид "итгэмжлэгдсэн өмчлөгч" гэх/ нь харилцагчтайгаа болон харилцагчдынхаа хооронд үүссэн, тэдгээрт урьдчилан мэдэгдээгүй сонирхлын зөрчлийн улмаас харилцагчид учирсан хохирлыг хариуцна.

40.3.Итгэмжлэгдсэн өмчлөгчийн нэр дээр үнэт цаас, мөнгөн хөрөнгийг шилжүүлснээс хойш уг үнэт цаасны жинхэнэ өмчлөгч нь зөвхөн гэрээнд заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлнэ.

40.4.Итгэмжлэгдсэн өмчлөгчийн энэ хуулийн 40.1-д заасантай холбоогүй үүссэн бусдын өмнө хүлээсэн үүргийг итгэмжлэгч харилцагчийн үнэт цаасаар гүйцэтгэхгүй.

40.5.Итгэмжлэгч харилцагч нь мэргэжлийн хөрөнгө оруулагч байх тохиолдолд итгэмжлэгдсэн өмчлөгч нь үүсмэл санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой гэрээ, хэлцэл хийж болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

40.6.Үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх нарийвчилсан журмыг Хороо батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.