41 дугаар зүйл. Андеррайтерийн үйл ажиллагаа
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
41.2.Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг брокерийн үйл ажиллагаа, эсхүл дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд олгож болно.
41.3.Брокерийн үйл ажиллагаа, эсхүл дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон нь тухайн хуулийн этгээдийн андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.
41.4.Андеррайтерийн үйлчилгээг дор дурдсан хэлбэрээр үзүүлж болно:
41.4.1.үнэт цаасны танилцуулга бэлтгэх, үнэт цаас гаргагч түүний санал болгох үнэт цаасны талаар магадлан шинжилгээ хийх, үнэт цаасыг санал болгох үнийг тодорхойлох; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
41.4.2.үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгосон бүх үнэт цаасыг худалдан авах;
41.4.3.хөрөнгө оруулагчид тухайн үнэт цаасыг танилцуулах замаар түүнийг худалдахад шаардлагатай бүх хүчин чармайлт гаргах;
41.4.4.үнэт цаасыг нийтэд санал болгосны дараа түүний худалдагдаагүй үлдсэн хэсгийг бүхэлд нь худалдан авах;
41.4.5.үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгосон үнэт цаасыг худалдан аваагүй нөхцөлд тухайн үнэт цаасыг гэрээгээр тохиролцсон үнээр худалдан авах баталгаа гаргах;
41.4.6.үнэт цаасыг танилцуулах, худалдах ажлыг зохион байгуулах; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.4.7.гэрээнд заасан бусад нөхцөл.
41.5.Андеррайтер нь энэ хуулийн 41.4-т заасан үйлчилгээг дангаар, эсхүл андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий бусад хуулийн этгээдтэй хамтран үзүүлж болох бөгөөд энэ тохиолдолд талууд хамтран ажиллах гэрээ байгуулах ба гэрээнд дор дурдсан нөхцөлийг заавал тусгана:
41.5.1.андеррайтерийн үйлчилгээг хамтран үзүүлэх талуудын эрх, үүрэг, хариуцлагын хуваарилалт;
41.5.2.гэрээний хугацаа.
41.6.Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх журам болон андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх гэрээний стандарт нөхцөлийг Хороо тогтооно.