42 дугаар зүйл. Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа
42.1.Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасны өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой мэдээллийг хүлээн авч үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн мэдээллийн санд оруулан, уг мэдээллийг хадгалах, боловсруулах, хууль тогтоомжийн дагуу тайлагнах үйл ажиллагааг үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа гэнэ.
42.2.Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна:
42.2.1.үнэт цаасны төвлөрсөн бүртгэл;
42.2.2.үнэт цаасны тухайлсан бүртгэл.
42.3.Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл нь нэгдсэн тогтолцоотой байх бөгөөд үнэт цаасны төвлөрсөн бүртгэлийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хөтлөх ба уг хуулийн этгээд нь үнэт цаасны нэгдсэн дугаарыг үнэт цаасны олон улсын нэгдсэн кодын дагуу олгоно.
42.4.Үнэт цаасны тухайлсан бүртгэл хөтлөх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад заавал гишүүнчлэлтэй байна. Үнэт цаасны тухайлсан бүртгэлийн өөрчлөлт нь үнэт цаасны төвлөрсөн бүртгэлд нэгдсэн байдлаар тухай бүр бүртгэгдэнэ.
42.5.Үнэт цаасны тухайлсан бүртгэлийн сан нь үнэт цаасыг өмчлөгч /итгэмжлэгдсэн өмчлөгч/ бүрийн өмчлөлд байгаа үнэт цаас болон тэдгээрийн эрх, үүрэг, холбогдох этгээдийн талаарх мэдээлэл болон Хорооноос тогтоосон бусад нэмэлт мэдээллийг агуулна.
42.6.Үнэт цаасны төвлөрсөн бүртгэлийн сан нь дараах мэдээллийг агуулна:
42.6.1.Монгол Улсын үнэт цаасны зохицуулалттай зах зээлд арилжихыг зөвшөөрсөн санхүүгийн хэрэгслийн төрөл, тоо /зарласан болон гаргасан/, үнэт цаас гаргагчийн холбогдох мэдээлэл;
42.6.2.Монгол Улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй боловч гадаад улсад арилжиж байгаа үнэт цаас гаргагчийн үнэт цаас, түүнд суурилан гаргасан бусад санхүүгийн хэрэгслийн төрөл, тоо /зарласан болон гаргасан/, үнэт цаас гаргагчийн холбогдох мэдээлэл; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
42.6.3.гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад давхар бүртгэлтэйгээр Монгол Улсад арилжиж байгаа үнэт цаас гаргагчийн үнэт цаас, түүнд суурилан гаргасан бусад санхүүгийн хэрэгслийн төрөл, тоо /зарласан болон гаргасан/, үнэт цаас гаргагчийн холбогдох мэдээлэл; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
42.6.4.гишүүдийн нэр дээр нээгдсэн данс бүхий үнэт цаасны нэгдсэн бүртгэл.
42.7.Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн мэдээлэл, баримтыг хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд бүрэн бүтэн хадгалж, зохих журмын дагуу мэдээлэх буюу тайлагнах үүрэгтэй.
42.8.Энэ хуулийн 42.7-д заасан ажиллагаа явуулахтай холбогдох журмыг Хороо тогтооно.
42.9.Үнэт цаас гаргагч нь өөрийн гаргасан үнэт цаасны өмчлөгчийн бүртгэлийн хуулбарыг жилд нэг удаа үнэ төлбөргүйгээр авах эрхтэй.
42.10.Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлд алдаатай мэдээлэл оруулсны улмаас учирсан хохирлыг буруутай этгээд хариуцна.
42.11.Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд хууль болон холбогдох журамд заасан үндэслэлээр бүртгэлийг гүйцэтгэхээс татгалзах, зохих мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлэх, шалгуулах эрхтэй.
42.12.Үнэт цаас өмчлөгч /итгэмжлэгдсэн өмчлөгч/, кастодианы болон брокерийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь нь үнэт цаасны тухайлсан бүртгэлд гаргаж өгөх шаардлагатай мэдээллийг үнэн зөв, шуурхай гаргаж өгөх үүрэгтэй.
42.13.Итгэмжлэгдсэн өмчлөгч нь үнэт цаасны тухайлсан бүртгэлд бүртгүүлэхдээ тухайн үнэт цаасны жинхэнэ өмчлөгчийг давхар бүртгүүлнэ.
42.14.Үнэт цаасны тухайлсан бүртгэлд давхар бүртгэх шаардлагагүй өмчлөгчийн жагсаалтыг Хороо батална.
42.15.Нэг үнэт цаасыг үнэт цаасны тухайлсан бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа зөвхөн нэг хуулийн этгээдэд бүртгүүлэх ба өөр хуулийн этгээдэд давхар бүртгүүлэхийг хориглоно.
42.16.Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь өөрийн үнэт цаасны бүртгэлд байгаа үнэт цаасыг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулахыг хориглоно.
42.17.Үнэт цаас өмчлөгч нь тухайн үнэт цаасны төлбөрийн гүйцэтгэлийг энэ хуулийн 44.2-т заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд энэ хуулийн 42.16 дахь хэсгийн заалт хамаарахгүй.
42.18.Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэж байгаа этгээд өөрөө тогтооно.