45 дугаар зүйл. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа

45.1.Үнэт цаас гаргагч болон бусад оролцогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг хадгалах, түүнтэй холбоотой бүртгэл хөтлөх үйл ажиллагааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа гэнэ.

45.2.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдэд олгоно.

45.3.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага, үнэт цаас өмчлөгчтэй байгуулах гэрээнд заавал тусгах зүйлсийн жагсаалтыг Хороо тогтооно.

45.4.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаасны тухайлсан бүртгэл хөтлөх эрхтэй ба кастодианы үйл ажиллагааг хавсран эрхэлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

45.5.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд хадгалагдаж байгаа үнэт цаасыг захиран зарцуулахыг хориглох бөгөөд хадгалагдаж байгаа хөрөнгийн хадгалалтыг хангаагүйгээс учирсан хохирлыг хариуцан арилгана.

45.6.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаасны өмчлөх эрх шилжсэн тухай үнэт цаас гаргагчид хүсэлтээр болон үнэт цаасны тухайлсан бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

45.7.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаас хадгалуулагчийн өмчлөл дэх үнэт цаасны ногдол ашиг болон үнэт цаас худалдсаны төлбөрийг банкан дахь харилцагчийн нэр дээрх дансанд шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

45.8.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд бусдын өмнө хүлээсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25.8-д, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24.5-д зааснаас бусад үүргийг түүний харилцагчийн дансан дахь үнэт цаас болон түүнтэй холбоотой мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

45.9.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь нийтэд болон хаалттай хүрээнд худалдахаар санал болгосон үнэт цаасыг үнэт цаасны төвлөрсөн бүртгэлийн санд бүртгэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

45.10.Номиналь эзэмшигчээс бусад харилцагчийн үнэт цаасыг тухайн харилцагчийн нэр дээр бүртгэж, бенефициар өмчлөгчийн дансанд хадгална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

45.11.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаасны шилжүүлгийн болон мөнгөн төлбөрийн гүйлгээнд саатал гарсан тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, сааталтай холбоотой эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцоно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.