46 дугаар зүйл. Кастодианы үйл ажиллагаа

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Кастодианы үйл ажиллагаа

46.1.Үнэт цаас өмчлөгчийн өмчлөл дэх үнэт цаасны тухайлсан бүртгэл хөтөлж, хадгалах, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх бусад эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлчилгээг үзүүлэх ажиллагааг кастодианы үйл ажиллагаа гэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

46.2.Кастодианы үйл ажиллагааг банк, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага эрхэлж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

46.3.Кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд өөрт хадгалагдаж байгаа үнэт цаасны талаар өмчлөгчөөс бусад аливаа этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулах буюу захиран зарцуулахыг хориглоно.

46.4.Кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд өөрийн байгууллагын дансыг харилцагчийн данснаас тусад нь, харилцагч тус бүрийн дансыг тус тусад нь хөтөлж, найдвартай байдлыг хангаж ажиллана.

46.5.Кастодианы үйл ажиллагаа эрхлэх журмыг Монголбанк, Хороо хамтран тогтооно.

46.6.Кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн бусдын өмнө хүлээсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25.8-д, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24.5-д зааснаас бусад үүргийг түүний харилцагчийн дансан дахь үнэт цаас болон мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

46.7.Кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь харилцагчийн нэрийн өмнөөс түүний зөвшөөрлөөр үнэт цаасны төлбөр, шилжүүлэг гүйцэтгэж болно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.8.Кастодианы харилцагч нь гадаад улсад кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй номиналь эзэмшигч, эсхүл итгэмжлэгдсэн өмчлөгч байх тохиолдолд бенефициар өмчлөгчийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу таньж мэдэж, бүртгэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.9.Хороо болон кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд шаардсан тохиолдолд энэ хуулийн 46.8-д заасан харилцагч нь бенефициар өмчлөгчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.