47 дугаар зүйл. Үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

47 дугаар зүйл. Үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа

47.1.Үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг нийтэд санал болгон худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ, хэлцэл байгуулах нөхцөлийг бүрдүүлж, үнэт цаасны арилжааг зохион байгуулахыг үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа гэнэ.

47.2.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага дор дурдсан журмыг баталж, нийтэд мэдээлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.2.1.үнэт цаасны арилжааг зохион байгуулах журам;

47.2.2.үнэт цаасны арилжаанд үнэт цаасыг оруулах журам;

47.2.3.үнэт цаасны арилжааны гэрээ байгуулах, бүртгэх журам;

47.2.4.үнэт цаасны арилжааны гэрээг биелүүлэх журам;

47.2.5.үнэт цаасны арилжааны хяналтын журам;

47.2.6.үнэт цаасны арилжаа зохион байгуулах үйлчилгээ үзүүлэх хуваарь;

47.2.7.үнэт цаасны арилжаа эрхлэхэд шаардлагатай бусад дүрэм, журам;

47.2.8.хууль тогтоомж, дотоод журмын дагуу нийтэд мэдээлэхээр заасан бусад мэдээлэл.

47.3.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага үнэт цаасны арилжааны талаарх дараах мэдээллийг нийтэд мэдээлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.3.1.хэлцэл хийгдсэн он, сар, өдөр, тухайн үнэт цаасны бүртгэлийн дугаар, ялгах тэмдэг;

47.3.2.нийт арилжигдсан үнэт цаасны тоо, үнэ, нээлтийн болон хаалтын ханш;

47.3.3.хууль тогтоомж, холбогдох журмын дагуу нийтэд мэдээлэхээр заасан бусад мэдээлэл.

47.4.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага энэ хуулийн 47.1-д зааснаас гадна дор дурдсан үйл ажиллагаа эрхэлж болно: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.4.1.бараа бүтээгдэхүүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааны үйл ажиллагаа;

47.4.2.клирингийн үйл ажиллагаа; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.4.3.тогтоосон журмын дагуу үнэт цаасны арилжаа зохион байгуулах зорилгоор тодорхой эд хөрөнгийг төлбөртэй ашиглуулах;

47.4.4.хууль тогтоомж болон Хорооноос тогтоосон журамд заасан бусад үйл ажиллагаа.

47.5.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага энэ хуулийн 47.1, 47.4-т зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.6.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хувьцааг эзэмшиж болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.7.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтан үнэт цаасны арилжаанд оролцогч зохицуулалттай хуулийн этгээдэд аливаа албан тушаал эрхлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

47.8.Нээлттэй хувьцаат компани болох зорилгоор хаалттай хувьцаат компанийн хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэж, хувьцааг мэргэжлийн хөрөнгө оруулагчид санал болгож, тэдгээрийн хооронд арилжиж болно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

47.9.Энэ хуулийн 47.8-д заасан харилцааг зохицуулсан журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.