56 дугаар зүйл. Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн мэдээлэл

56.1.Үнэт цаасны хоёрдогч зах зээлд үнэт цаасаа арилжиж байгаа үнэт цаас гаргагч нь дор дурдсан нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын нэг өдөрт багтаан энэ талаар Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага болон өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүрэгтэй: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

56.1.1.үнэт цаас гаргагчийн удирдлагын бүтцэд өөрчлөлт орсон;

56.1.2.нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн бүтэц, түүний бусад компанид эзэмшиж байгаа хувьцаанд өөрчлөлт орсон;

56.1.3.үнэт цаас гаргагч болон түүний охин, хараат, зэргэлдээ компанид зохион байгуулалтын өөрчлөлт орсон;

56.1.4.үнэт цаас гаргагчийн хөрөнгийг битүүмжилсэн, эсхүл хураасан;

56.1.5.үнэт цаас гаргагч тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх болсон, эсхүл түүнийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон;

56.1.6.үнэт цаас гаргагчийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан;

56.1.7.үнэт цаасны үнэ, ханшид нөлөөлж болох бусад.

56.2.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага нь өөрийн бүртгэлд байгаа үнэт цаас, үнэт цаас гаргагчийн талаарх дор дурдсан мэдээллийг цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүрэгтэй: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

56.2.1.үнэт цаасны ханш, түүнд нөлөөлж болох бусад мэдээлэл;

56.2.2.үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа болон санхүүгийн байдал;

56.2.3.үнэт цаас гаргагчийн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар;

56.2.4.үнэт цаас гаргагчийн байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцэл;

56.2.5.үнэт цаас гаргагчийн эрх бүхий албан тушаалтны эзэмшиж байгаа хувьцаа болон үүсмэл санхүүгийн хэрэгслийн хувь хэмжээ, тоо ширхэг;

56.2.6.удирдлага, зохион байгуулалтын бүтцэд орсон өөрчлөлт болон төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн талаарх мэдээлэл;

56.2.7.үнэт цаас гаргагчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид болон тэдгээрийн холбогдох этгээдийн талаарх мэдээлэл;

56.2.8.хууль тогтоомж, Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас тогтоосон бусад мэдээлэл. /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

56.3.Энэ хуулийн 56.2-т заасан мэдээллийн үнэн зөвийг үнэт цаас гаргагч өөрөө хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.