57 дугаар зүйл. Зохицуулалттай этгээдийн мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

57 дугаар зүйл. Зохицуулалттай этгээдийн мэдээлэл

57.1.Тусгай зөвшөөрөлтэйгээр зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээд нь дор дурдсан мэдээллийг дараах этгээдэд мэдээлэх үүрэгтэй:

57.1.1.хөрөнгө оруулагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдлын талаарх мэдээллийг харилцагчид;

57.1.2.үнэт цаасыг худалдах, худалдан авах даалгавар авах явцад нууцад хамаарахаас бусад тухайн үнэт цаас болон үнэт цаас гаргагчийн талаар өөрт байгаа мэдээллийг харилцагчид;

57.1.3.тухайн үнэт цаасанд болон үнэт цаас гаргагчид эрх бүхий байгууллагаас тогтоосон хязгаарлалтын талаар болон тухайн үнэт цаасны тусгай нөхцөлийн талаарх мэдээллийг харилцагчид;

57.1.4.харилцагчийн даалгаврыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс татгалзсан бол үндэслэл бүхий тайлбарыг тухайн харилцагчид;

57.1.5.хууль тогтоомжийн дагуу мэдээлэх шаардлагатай үнэт цаастай холбоотой хийсэн хэлцэл, арилжаа, гүйлгээний талаар болон уг хэлцэлд оролцогч талуудын талаарх мэдээллийг Хороонд;

57.1.6.холбогдох этгээдээс харилцагчид хүргүүлэхээр ирүүлсэн мэдээллийг тухайн харилцагчид;

57.1.7.өөрийн байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, дүрэм, журамд орсон өөрчлөлтийг тогтоосон журмын дагуу харилцагчид болон Хороонд.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.