6 дугаар зүйл. Үнэт цаас гаргах
6.1.Үнэт цаасыг нийтэд санал болгон, эсхүл нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд худалдахаар гаргаж болно.
6.2.Нийтэд санал болгон гаргаж байгаа тодорхой төрлийн үнэт цаасыг худалдан авахыг хориглосон этгээдийг хуулиар болон Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ноос тодорхойлж болно.
6.3.Үнэт цаасыг Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаад улсын нутаг дэвсгэрт арилжихаар гаргаж болно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.4.Гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн үнэт цаасыг Монгол Улсын нутаг дэвсгэрт Хорооноос тогтоосон журмын дагуу арилжиж болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.5.Үнэт цаас гаргах тухай шийдвэрийг Хороонд бүртгүүлснээс хойш Хороо зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд арилжих хүртэл хугацаанд өөрчлөхийг хориглоно.
6.6.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад арилжих үнэт цаасыг гагцхүү нэрийн үнэт цаасны хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.7.Үнэт цаасны зохицуулалттай зах зээлд анх удаа үнэт цаасаа бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаа үнэт цаас гаргагч өмнө нь мэдүүлгийн, эсхүл зөвшөөрлийн үнэт цаас гаргасан бол тэдгээр үнэт цаасыг зохих журмын дагуу нэрийн үнэт цаасанд хөрвүүлнэ.