66 дугаар зүйл. Даалгавар өгөх
66.1.Хороо дараах тохиолдолд өөрийгөө зохицуулах байгууллага, зохицуулалттай этгээд болон үнэт цаас гаргагчид даалгавар өгөх эрхтэй:
66.1.1.харилцагч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах шаардлага бий болсон;
66.1.2.эрх бүхий албан тушаалтан нь тохиромжтой этгээдийн шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон;
66.1.3.үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж, Хорооноос гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн;
66.1.4.худал, төөрөгдүүлсэн, алдаатай, эсхүл хоорондоо зөрүүтэй мэдээлэл гаргасан, нийтэд мэдээлсэн;
66.1.5.хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад шаардлагатай гэж Хорооноос үзсэн бусад тохиолдол.
66.2.Хорооны даалгавар дор дурдсан шаардлагыг агуулсан байж болно:
66.2.1.хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, зөрчлийн үр дагаврыг арилгах;
66.2.2.тодорхой төрлийн хэлцэл хийхийг хориглох;
66.2.3.тодорхой үйл ажиллагаа эрхлэхийг хориглох, хязгаарлах;
66.2.4.тодорхой хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох, хязгаарлах, зөвшөөрснөөс бусад зориулалтаар уг хөрөнгийг ашиглахгүй байхыг шаардах;
66.2.5.зохицуулалттай үйл ажиллагаанаас үүссэн үүргийг гүйцэтгүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор тодорхой хэмжээний хөрөнгийг Хорооноос заасан банкинд байршуулахыг шаардах;
66.2.6.зах зээлийн эрсдэлээс хамгаалахад шаардлагатай гэж Хорооноос үзсэн бусад.
66.3.Энэ хуулийн 66.1-д заасан даалгавар Хорооноос тогтоосон хугацаанд хүчинтэй байна.
66.4.Хорооны даалгаврыг хүлээн авсан этгээд даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүрэгтэй.