70 дугаар зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллагын бүрэн эрх

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

70 дугаар зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллагын бүрэн эрх

70.1.Өөрийгөө зохицуулах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

70.1.1.үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр төрийн байгууллагад санал оруулах, түүний боловсруулсан хууль тогтоомж, дүрэм, журмын төсөлд санал өгөх;

70.1.2.мэргэжлийн сургалт явуулах, давтан сургах;

70.1.3.гишүүдийнхээ үйл ажиллагаанд баримтлах нийтлэг журам, мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, заавар, зөвлөмжийг Хорооны танилцуулснаар баталж, хэрэгжилтийг хангуулах, гишүүдийн ёс зүйтэй холбоотой гомдол, маргааныг шийдвэрлэх;

70.1.4.хуульд заасан нууцад хамаарахаас бусад мэдээллийг гишүүн байгууллагаас шаардан гаргуулах;

70.1.5.гишүүдийн үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийж, тэдгээрт зэрэглэл тогтоох, нийтэд мэдээлэх;

70.1.6.өөрийн дүрэм, журмаар тогтоосон хүрээнд гишүүдийнхээ үйл ажиллагааг шалгах, зөрчлийг арилгуулах талаар үүрэг өгөх, зөрчлийн хэмжээнээс хамаарч гишүүний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг Хороонд гаргах, холбогдох байгууллагад зөрчлийн талаар мэдээлэх;

70.1.7.гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

70.1.8.гишүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;

70.1.9.хуулийн хүрээнд Хорооноос зөвшөөрсөн бусад бүрэн эрх.

70.2.Өөрийгөө зохицуулах байгууллага нь түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хороо болон эрх бүхий бусад байгууллагаас ирүүлсэн аливаа мэдээллийг гишүүн бүрд шуурхай хүргэх үүрэгтэй.

70.3.Өөрийгөө зохицуулах байгууллага нь Хорооноос өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.