73 дугаар зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллагын удирдлага, зохион байгуулалт

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

73 дугаар зүйл. Өөрийгөө зохицуулах байгууллагын удирдлага, зохион байгуулалт

73.1.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас бусад өөрийгөө зохицуулах байгууллагын эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.

73.2.Бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

73.2.1.энэ хуулийн 72.1-д заасан дүрэм, журмыг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

73.2.2.байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлах;

73.2.3.удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн бүрэн эрхийн хугацааг тогтоож, гишүүний үүрэгтэй нь холбогдуулан урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэх;

73.2.4.хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн бүрэн эрхийн хугацааг тогтоож, гишүүний үүрэгтэй нь холбогдуулан урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэх;

73.2.5.байгууллагын жилийн төсвийг батлах, гишүүний хураамжийн хэмжээг тогтоох;

73.2.6.хууль тогтоомжид заасан бусад.

73.3.Бүх гишүүдийн ээлжит хурлыг жилд нэг удаа удирдах зөвлөл зарлан хуралдуулах ба гишүүдийн арваас дээш хувь нь санал гаргаснаар, эсхүл удирдах зөвлөлийн гишүүдийн олонхын санаачилгаар бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.

73.4.Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт өөрийгөө зохицуулах байгууллагын эрх барих байгууллага нь есөөс доошгүй гишүүнээс бүрдсэн удирдах зөвлөл байна.

73.5.Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

73.5.1.байгууллагын гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх, түүнд олгох цалин, урамшууллын хэмжээг тогтоох, байгууллагын хэтийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах;

73.5.2.гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих;

73.5.3.бүх гишүүдийн хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах;

73.5.4.байгууллагын дүрэмд заасан бусад.

73.6.Гүйцэтгэх удирдлага нь жил тутам удирдах зөвлөлд ажлын тайлангаа танилцуулж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлнэ.

73.7.Гүйцэтгэх удирдлагыг ажлын үр дүнг харгалзан хугацаанаас нь өмнө чөлөөлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.