80 дугаар зүйл. Зах зээлийг урвуулан ашиглахыг хориглох
80.1.Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно.
80.2.Үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг төөрөгдүүлэх зорилгоор тодорхой үнэт цаасны өмчлөгч нь өөрчлөгдөөгүй боловч арилжаа идэвхтэй явагдаж байгаа дүр үзүүлэн хэлцэл хийх болон үгсэн хуйвалдах замаар тодорхой үнэт цаасыг худалдах, худалдан авах үнийг ойролцоо түвшинд захиалах, хэлцэл хийхийг хуурамч арилжаа хийсэн гэж үзнэ.
80.3.Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ.
80.4.Дараах үйлдэл, эс үйлдэхүйг үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн гэж үзнэ:
80.4.1.бодит бус, төөрөгдүүлсэн, эсхүл хуурамч мэдэгдэл, амлалт, таамаг гаргах, нийтлэх, чухал үйл баримтыг нуун дарагдуулсан;
80.4.2.бодит үйл баримтын талаар худал мэдэгдэл хийх замаар хэлцлийн нөгөө талыг төөрөгдүүлсэн;
80.4.3.тодорхой арга, хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хэлцлийн нөгөө тал болох этгээдийг төөрөгдүүлсэн.
80.5.Энэ хуулийн 80 дугаар зүйлд заасан "үнэт цаас" гэдэгт үнэт цаас болон түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг хамааруулна.
80.6.Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах үйлдлээс сэргийлэх харилцааг зохицуулсан журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./