85 дугаар зүйл. Хорооны улсын байцаагчийн бүрэн эрх
85.1.Хорооны улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
85.1.1.үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж болон түүнд үндэслэсэн нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтэд хяналт тавих, шаардлагатай асуудлыг Хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулах;
85.1.2.хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон тэдгээрийн холбогдох этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах, тайлбар авах;
85.1.3.үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн, эсхүл зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн үнэт цаасны арилжааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр зогсоох, үнэт цаасыг тусгаарлах;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
85.1.4.хяналт шалгалтын дүнг үндэслэн акт тогтоох, түүний гүйцэтгэлийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг, албан шаардлага өгч, биелэлтийг хангуулах;
85.1.5.энэ хуулийн 85.1.4-т заасан үүрэг, албан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хяналт шалгалтын явцад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн буюу зөрчиж болох нь зохих ёсоор нотлогдсон тохиолдолд зохицуулалттай этгээд болон үнэт цаас гаргагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох, энэ тухай нийтэд мэдээлэх, шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг Хороонд оруулж шийдвэрлүүлэх;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
85.1.6.үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчихөөр завдаж байгааг баримтаар нотолсон, эсхүл зөрчлийг тогтоосон тохиолдолд уг этгээдийн үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь дансаар хийгдэх гүйлгээг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр зогсоох;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
85.1.7.зохицуулалттай этгээдийн хувьцааны хяналтын багцыг эзэмшиж байсан буюу эзэмшиж байгаа этгээдийн, эсхүл зохицуулалттай этгээд болон тэдгээрийн холбогдох этгээдийн байранд ажлын цагаар саадгүй нэвтрэх;
85.1.8.холбогдох баримт бичгийн хуулбарыг үнэ төлбөргүй гаргуулан авах;
85.1.9.шалгалттай холбоотой асуулт тавьж, хариулт авах;
85.1.10.шалгалтаар илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
85.1.11.хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, төр, үнэт цаасны зах зээлийн оролцогч, тэдгээрийн холбогдох этгээд, харилцагчийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон гэр бүлийн гишүүн, садан, төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх;
85.1.12.хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;
85.1.13.хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах;
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
85.1.14.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх;
85.2.Хорооны улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 85.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
85.2.1.холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн байгууллагыг хяналт, шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор магадлан шинжилгээг гүйцэтгүүлэх;
85.2.2.үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон тэдгээрийн холбогдох этгээдийн хөрөнгө оруулагч, харилцагчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
85.2.3.энэ хуулийн 85.1.4-т заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үнэт цаас гаргагчийн холбогдох үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
85.2.4.зохицуулалттай этгээдийг татан буулгах нь харилцагчийн эрх ашигт нийцнэ гэж Хороо үзвэл холбогдох хуульд заасны дагуу түүнийг татан буулгах шийдвэр гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах;
85.2.5.төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлах;
85.2.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
85.3.Хянан шалгагч нь хяналт шалгалтын удирдамжийн дагуу шалгалт хийх бөгөөд удирдамжийг зохицуулалттай этгээд болон үнэт цаас гаргагчид урьдчилан танилцуулна.
85.4.Төлөвлөгөөт хяналт шалгалтыг хоёр жилд нэгээс доошгүй удаа зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад болохгүйгээр зохион байгуулна.
85.5.Хяналт шалгалттай холбогдох мэдээлэл бүхий баримт бичгийг эзэмшиж байгаа гэж улсын байцаагч үзсэн этгээд нь тухайн баримт бичгийг улсын байцаагчийн шаардсан хугацаа, хэлбэрээр гаргаж өгөх, нэмэлт тайлбар, тодруулга өгөх зэрэг бусад хэлбэрээр туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
85.6.Хорооны улсын байцаагч төрийн албаны тухай хууль тогтоомж болон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаагаар хангагдана.