87 дугаар зүйл. Онцгой нөхцөл байдал үүсэх
87.1.Дараах тохиолдолд онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзнэ:
87.1.1.зохицуулалттай этгээдтэй холбоотой дампуурлын хэрэг үүссэн;
87.1.2.зохицуулалттай этгээдийг татан буулгаж болзошгүй нөхцөл байдал болсон;
87.1.3.зохицуулалттай этгээдийг хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллага өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн.
87.2.Хороо энэ хуулийн 87.1-д заасан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд дараах арга хэмжээг нэн даруй авна:
87.2.1.зохицуулалттай этгээдийн хөрөнгийг харилцагчийн шаардлагыг бүрэн хангах хүртэл түүний санхүүгийн тайлан, тэнцлээс тусгаарлах;
87.2.2.төлбөрийн чадваргүй болсон зохицуулалттай этгээдэд эрх хүлээн авагчийг томилох;
87.2.3.зохицуулалттай этгээдийн удирдлагыг өөрчлөх, удирдлагаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, мөнгөн болон бусад хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах;
87.2.4.зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаа эрхлэхийг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох.
87.3.Зохицуулалттай этгээд нь харилцагчийн хөрөнгийг хамгаалахад шаардлагатай холбогдох бүх данс, баримт, материалын эхийг эрх хүлээн авагчид шилжүүлэх үүрэгтэй.
87.4.Эрх хүлээн авагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
87.4.1.харилцагчийг бусад зохицуулалттай этгээдэд шилжүүлэх саналыг Хороонд танилцуулах;
87.4.2.биелээгүй захиалгын гэрээг цуцлах;
87.4.3.зохицуулалттай этгээдийн байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээг цуцлах, шаардлагатай ажилтан авч ажиллуулах;
87.4.4.шаардлагатай гэж үзсэн мэдээллийг нийтэд мэдээлэх.
87.5.Энэ хуулийн 87.4.1-д заасны дагуу эрх хүлээн авагчийн гаргасан саналыг үндэслэн Хороо шийдвэр гаргана.
87.6.Энэ хуулийн 87 дугаар зүйлийн зохицуулалт нь энэ хуулийн 24.1.15-24.1.17-д заасан үйл ажиллагааг эрхлэх этгээдэд хамаарахгүй.
87.7.Энэ хуулийн 87 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон тусгай журмыг Хороо батална.
БУСАД ЗҮЙЛ