21 дугаар зүйл. Хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам
/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.1.Эрх бүхий албан тушаалтан гэрч, хохирогчийн хүсэлт, зөвшөөрөл, бодит аюул заналхийллийн талаарх баримтыг үндэслэн энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөлд дүн шинжилгээ хийх замаар хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг нэн даруй гаргана.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.2.Дараах албан тушаалтан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана:
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.2.1.энэ хуулийн 16.2, 17.1-д заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг хамгаалалтад байгаа гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл түүний өмгөөлөгчийн хүсэлтээр мөрдөгч;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
21.2.2.энэ хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.6, 17.1-д заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, мөрдөгчийн бичгээр гаргасан саналыг үндэслэн прокурор, шүүхийн шатанд прокурорын бичгээр гаргасан саналыг үндэслэн шүүгч;
/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
21.2.3.энэ хуулийн 7.1.7, 7.1.8, 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, прокурорын бичгээр гаргасан саналыг үндэслэн шүүгч.
/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
21.2.4.хүний эрх хамгаалагчийг хамгаалах асуудлаар Хүний эрх хамгаалагчийн хорооны хүсэлтээр мөрдөгч. /Энэ заалтыг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.3.Энэ хуулийн 7.1.7, 7.1.8, 16.1-д заасан арга хэмжээ нь аюулгүй байдлын онцгой арга хэмжээ бөгөөд эдгээрийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяалах хэргийн гэрч, хохирогчид тэдний аюулгүй байдлыг хамгаалалтын бусад арга хэмжээг хэрэглэн хамгаалж чадахгүй нөхцөлд хэрэглэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.4.Энэ хуулийн 7.1.6-7.1.8, 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх явцад тухайн хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийг өмнө ажиллаж байсантай ижил хэмжээний цалин хөлс бүхий ажлын байраар хангана. Хэрэв ийм боломжгүй бол өмнө авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх нөхөн олговрыг хамгаалалтад байх хугацаанд олгоно.
21.5.Энэ хуулийн 7.1.3-7.1.9-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Энэ хуулийн 10.2-т заасан бүсэд биечилсэн хамгаалалтыг хэрэгжүүлэх журмыг батлахдаа холбогдох байгууллагын саналыг харгалзана.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
21.6.Энэ хуульд заасан хамгаалалтын арга хэмжээний талаар мэдсэн иргэн, албан тушаалтан бусдад энэхүү мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.
21.7.Энэ хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авах бөгөөд шаардлагатай гэж үзвэл уг ажиллагаа дууссаны дараа үргэлжлүүлж болно.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтална.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
21.9.Цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./
21.10.Энэ хуулийн 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.6, 7.1.7, 7.1.8, 7.1.9-д заасан хамгаалалтын арга хэмжээг авахдаа хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага нь хамгаалалтад авах гэрч, хохирогч, хамтран хэрэгжүүлэх байгууллагатай гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний хэлбэрээс хамаарч гэрээнд холбогдох эрх, үүрэг, хариуцлагыг тусгана.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./