18 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээ олгох
18.1.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт, холбогдох бичиг баримтыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хуульд заасан шалгуурыг үндэслэн тогтворжуулах гэрчилгээ олгох эсэхийг энэ хуулийн 9.3-т заасан зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хугацааг 15 хоногоор сунгаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.2.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтворжуулах гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн бол тогтворжуулах гэрчилгээнд холбогдох бичилтийг хийж, гэрчилгээг төсөл хэрэгжүүлэгч Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.3.Хөрөнгө оруулалтын төсөл нь энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангаагүй буюу бичиг баримтын бүрдэл дутуу тохиолдолд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох үндэслэл бүхий гэрчилгээ олгохоос татгалзсан хариуг энэ хуулийн 18.1-д заасан хугацаанд бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр хөрөнгө оруулагчид хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
18.4.Энэ хуулийн 15.2-т заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтворжуулах гэрчилгээнд өөрчлөлт оруулна. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./