6 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгаа

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгаа

6.1.Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтыг дэмжих татварын болон татварын бус дэмжлэгийг эдлэх эрхтэй.

6.2.Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгоно.

6.3.Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар хураан авахыг хориглоно.

6.4.Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс зөвхөн хуульд заасан журмын дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцөлөөр дайчлан авч болно.

6.5.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6.4-т заасны дагуу дайчлан авсан хөрөнгийн нөхөн олговрыг тухайн хөрөнгийг дайчлан авсан үеийн буюу энэ тухай хөрөнгө оруулагчид, эсхүл нийтэд мэдэгдэх үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож, үнийн хамт төлнө.

6.6.Монгол Улс хөрөнгө оруулагчийн өмчлөл дэх оюуны өмчийн эрхийг хуульд заасны дагуу хамгаална.

6.7.Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт татвар төлөх үүргээ бүрэн биелүүлсний үндсэн дээр доор дурдсан өөрт ногдох хөрөнгө, орлогыг гадаад улсад саадгүй гаргах эрхтэй:

6.7.1.үйл ажиллагаанаас олсон ашиг, ногдол ашиг;

6.7.2.оюуны өмчийг бусдад ашиглуулсан эрхийн шимтгэл, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсний төлбөр;

6.7.3.гадаад улсаас олгосон зээлийн үндсэн төлбөр болон хүү;

6.7.4.аж ахуйн нэгжийг татан буулгасны дараа өөрт ногдох хөрөнгө;

6.7.5.хуулийн хүрээнд олсон буюу өмчилж байгаа бусад хөрөнгө.

6.8.Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 6.7-д заасан хөрөнгө, орлогыг мөнгөн хөрөнгө хэлбэрээр гадаад улсад гаргахдаа өөрийн сонгосон, олон улсад чөлөөтэй хөрвөх гадаад валютад хөрвүүлж, шилжүүлэх эрхтэй.

6.9.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулагч нь төрийн байгууллагатай байгуулсан гэрээний харилцаанаас үүсэх маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу гадаадын, эсхүл дотоодын арбитрыг томилон шийдвэрлүүлэх эрхтэй.

6.10.Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.