7 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг
7.1.Хөрөнгө оруулагч нь дараах нийтлэг эрхтэй:
7.1.1.хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан дангаар гаргах;
7.1.2.нэг болон түүнээс дээш салбар, төсөл, үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх;
7.1.3.хөрөнгө оруулах төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаад улсаас бараа, ажил, үйлчилгээ импортлох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг экспортлох;
7.1.4.Монгол Улсад бүртгэлтэй банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гадаадын мөнгөн тэмдэгт худалдан авах, худалдах зэргээр өөрийн гадаад валютын хэрэгцээг хангах;
7.1.5.хөрөнгөө захиран зарцуулах, хууль ёсны орлого, ашгийг гадаадад шилжүүлэх, гадаадаас шилжүүлж авах;
7.1.6.хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг удирдах буюу удирдахад оролцох, бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх, үүргээ шилжүүлэх;
7.1.7.санхүүжилт, зээл, тусламж, газар, байгалийн баялгийг ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх;
7.1.8.төрийн үйлчилгээг эрх тэгш хүлээн авах;
7.1.9.хууль тогтоомжид заасан бусад эрх.
7.2.Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах үндсэн үүргээс гадна дараах нийтлэг үүрэгтэй:
7.2.1.үйлдвэрлэж байгаа бараа, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь үндэсний болон олон улсын стандартад нийцэж байх;
7.2.2.нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтлөх;
7.2.3.татварын байгууллага, мэдээлэл шаардсан бусад төрийн байгууллагад бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, шаардлагатай мэдээ, мэдээллээр заасан хугацаанд хангах;
7.2.4.хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж, байгаль орчинд ээлтэй байж, хүний хөгжлийг дэмжих;
7.2.5.хууль тогтоомжид заасны дагуу ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх;
7.2.6.ажилтны мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлага, менежментийн арга барилыг сайжруулахад анхаарч, компанийн удирдлагын сайн засаглалын зарчмыг нэвтрүүлэх;
7.2.7.Монголын ард түмний үндэсний өв уламжлал, ёс заншлыг хүндэтгэх;
7.2.8.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь энэ хуулийн 16.2-т заасныг баримтлан хөрөнгө оруулалтаа хийх;
7.2.9.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ