34 дугаар зүйл. Онцгой нөхцөл байдал үүсэх

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Онцгой нөхцөл байдал үүсэх

34.1.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн тухайд дараах тохиолдолд онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзнэ:

34.1.1.хөрөнгө оруулалтын сантай холбоотой, эсхүл хөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл кастодиантай холбоотой дампуурлын хэрэг үүссэн;

34.1.2.хөрөнгө оруулалтын санг татан буулгаж болзошгүй нөхцөл байдал үүссэн;

34.1.3.хөрөнгө оруулалтын санг хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллага өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн.

34.2.Хороо энэ хуулийн 34.1-д заасан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд дараах арга хэмжээг нэн даруй авна:

34.2.1.хөрөнгө оруулагчийн шаардлагыг бүрэн хангах хүртэл хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы санхүүгийн тайлан, тэнцлээс тусгаарлах;

34.2.2.хөрөнгө оруулалтын менежментийн компани нь банк бол Монголбанктай хамтран, хөрөнгө оруулалтын менежментийн компани нь банкнаас бусад эрх бүхий зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч бол дангаараа эрх хүлээн авагчийг томилох;

34.2.3.кастодианы тухайд Монголбанктай хамтран эрх хүлээн авагчийг томилох.

34.3.Кастодиан нь хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрх хүлээн авагч томилогдох хүртэлх хугацаанд дараах үүрэг хүлээнэ:

34.3.1.хөрөнгө оруулалтын сангийн өмчлөл дэх хөрөнгө оруулалтын хэрэгслийг тусгаарлах, гүйлгээ хийхгүй байх;

34.3.2.хөрөнгө оруулалтын сангийн өмчлөл дэх хөрөнгө оруулалтын хэрэгсэлтэй холбоотой орлогыг төвлөрүүлэх, уг орлогыг зарлагадахгүй байх;

34.3.3.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс аливаа төлбөр, үйлчилгээний хөлс, урамшуулал олгохгүй байх, мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх.

34.4.Кастодиан нь хамтын хөрөнгө оруулалтын сангийн өмчлөл дэх хөрөнгө оруулалтын хэрэгслийг баталгаажуулж байгаа тухайн багцыг хамгаалахад шаардлагатай холбогдох бүх данс, баримт, материалын эхийг эрх хүлээн авагчид шилжүүлэх үүрэгтэй.

34.5.Эрх хүлээн авагч нь өөрийг нь томилсон эрх бүхий этгээдэд дараах саналын аль нэгийг хүргүүлнэ:

34.5.1.хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болон бусад хөрөнгийг худалдан борлуулах замаар хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангах эсэх;

34.5.2.энэ хуулийн 34.5.1-д заасан аргыг хэрэглэх боломжгүй гэж үзвэл тухайн хөрөнгө оруулалтын хэрэгслийн багцыг хөрөнгө итгэмжлэн удирдагчийн удирдлагад шилжүүлэх;

34.5.3.хөрөнгө оруулалтын сангийн авлагын эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээ авах.

34.6.Энэ хуулийн 34.5-д заасны дагуу эрх хүлээн авагчийн гаргасан саналыг үндэслэн түүнийг томилсон эрх бүхий этгээд шийдвэр гаргана.

34.7.Эрх хүлээн авагч нь үйлчилгээний хөлсийг уг үйл ажиллагааны явцад олох орлогоос тэргүүн ээлжид авах эрхтэй бөгөөд уг хөлсний хэмжээг банк, санхүүгийн салбарт тогтсон жишигт нийцүүлэн Хороо тогтооно.

34.8.Энэ зүйлд заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон тусгай журмыг Хороо болон Төв банк /Монголбанк/ хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.