35 дугаар зүйл. Эрх хүлээн авагч
35.1.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд энэ хуулийн 34.1-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд банкны тухайд Монголбанктай хамтран, бусад тохиолдолд Хороо дангаар эрх хүлээн авагчийг томилно.
35.2.Шаардлагатай гэж үзвэл эрх хүлээн авагчийн эрх, үүргийг Хороо гүйцэтгэж болно.
35.3.Эрх хүлээн авагч нь дараах эрх, үүрэгтэй:
35.3.1.хамтын хөрөнгө оруулагчийг хамгаалах зорилгоор хөрөнгийг эзэмшилдээ авах;
35.3.2.хамтын хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг өөрчлөх шаардлага гаргах;
35.3.3.эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээ авах;
35.3.4.хөрөнгө итгэмжлэн удирдах, эсхүл хөрөнгө хадгалах гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах;
35.3.5.Хорооны зөвшөөрлийг үндэслэн үйлчилгээ орлон гүйцэтгэгчийг томилох буюу өөр этгээдтэй үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах;
35.3.6.хөрөнгө оруулалтын санг татан буулгах санал гаргах;
35.3.7.Хорооноос зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа.
35.4.Эрх хүлээн авагч нь энэ хуулийн 35.3-т заасан эрх, үүргээ Хорооны хяналтан доор хэрэгжүүлнэ.
35.5.Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагыг хэрэгжүүлж байсан албан тушаалтан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн ажилтан нь хөрөнгө болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авч, хөрөнгө оруулалтын сангийн нийт хөрөнгө, санхүүгийн тайлан, тэнцэл, баримт бичиг, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдгийг эрх хүлээн авагчийн эзэмшилд шилжүүлэх бөгөөд эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь эрх хүлээн авагчтай бүх талаар хамтран ажиллах үүрэгтэй.