37 дугаар зүйл. Хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах журам

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах журам

37.1.Хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгахтай холбоотойгоор сангийн хөрөнгийг худалдан борлуулах, төлбөр, тооцоог дуусгавар болгох, үлдсэн мөнгөн хөрөнгийг гишүүдэд хуваарилах үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын менежментийн компани хэрэгжүүлнэ.

37.2.Хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы аль алиных нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд Хороо хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий өөр компанийг сонгон шалгаруулж, татан буулгах үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх олгоно.

37.3.Хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах ажиллагааг Хорооноос сонгон шалгаруулсан хуулийн этгээд хэрэгжүүлэх тохиолдолд уг хуулийн этгээд болон үнэлгээчин, аудитын байгууллагад олгох ажлын хөлсний хэмжээ нь сангийн хөрөнгийг худалдан борлуулсны орлогын нийт дүнгийн таван хувиас хэтэрч болохгүй.

37.4.Хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах үйл ажиллагаанд Хорооноос томилогдсон байцаагч хяналт тавина.

37.5.Хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах шийдвэр гарснаас хойш сангийн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу худалдан борлуулахаас өөрөөр захиран зарцуулахыг хориглоно.

37.6.Хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах үндэслэл бий болсноос хойш долоо хоногийн дотор тухайн сангийн эрх бүхий албан тушаалтан нь энэ тухай Хороонд мэдэгдэхээс гадна нийтэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд уг мэдээлэлд тухайн сангаас авлагатай этгээдээс нэхэмжлэл ирүүлэх хугацаа, журмыг заасан байна.

37.7.Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах явцад тухайн санд төвлөрүүлэхээр тооцсон хөрөнгийг төвлөрүүлж чадаагүйн улмаас санг татан буулгаж байгаа тохиолдолд энэ хуулийн 37.6-д заасан нэхэмжлэл ирүүлэх хугацаа, журамтай холбоотой мэдээлэл хамаарахгүй.

37.8.Хамтын хөрөнгө оруулалтын сангаас авлагатай этгээдээс нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа нь энэ талаар нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас илүүгүй байна.

37.9.Хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа этгээд нь авлага, өглөгтэй этгээдийг бүрэн тодорхойлж, авлага, өглөгийг бүрэн барагдуулах арга хэмжээ авах үүрэгтэй.

37.10.Хамтын хөрөнгө оруулалтын сангаас авлагатай этгээдээс нэхэмжлэл хүлээн авах хугацаа дууссаны дараа татан буулгах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд нь сангийн нийт хөрөнгө болон төлөхөөр хүлээн зөвшөөрсөн өр төлбөрийг тусгасан санхүүгийн тайлан гаргаж Хороонд хүргүүлэх ба татан буулгах ажиллагааг менежментийн компани гүйцэтгэж байгаа бол дээрх санхүүгийн тайланг кастодианаар хянуулсан байна.

37.11.Татан буулгах ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд сангийн хөрөнгийг худалдан борлуулж, энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан журмын дагуу тооцоо хийж дуусгах ажиллагааг хамтын хөрөнгө оруулалтын санг татан буулгах тухай мэдээллийг хэвлэн нийтэлснээс хойш гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх үүрэгтэй. Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах журмаар өөр хугацаа тогтоож болно.

37.12.Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах явцад уг санд төвлөрүүлэхээр тооцсон хөрөнгийн нийт дүн нь итгэмжлэн удирдах журмаар тогтоосон хэмжээнд хүрээгүйгээс татан буулгаж байгаа бол татан буулгах ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд нь санд төвлөрсөн хөрөнгийг худалдан борлуулж, энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан дарааллын дагуу тооцоо хийх бөгөөд санд төвлөрүүлэхээр тогтоосон хугацаа дууссанаас хойш хоёр долоо хоногийн хугацаанд багтаан тооцоог дуусгана.

37.13.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн татан буулгалтын тайланд тавих шаардлага, тайлан гаргах болон Хороонд хүргэх журмыг Хороо тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.