39 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэл хөтлөх

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэл хөтлөх

39.1.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хөтөлнө.

39.2.Хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэлийг хөрөнгө оруулалтын менежментийн компани гүйцэтгэх бөгөөд тус компани нь бүртгэлийг Хороонд бүртгүүлсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд[8] заасны дагуу эрх авсан мэргэшсэн нягтлан бодогчоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

39.3.Энэ хуулийн 39.2-т заасан мэргэшсэн нягтлан бодогчийг бүртгэх журмыг Хороо батална.

39.4.Хамтын хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаас гадна дараах журмыг баримтална:

39.4.1.өдөр бүрийн арилжааны эцэст тогтсон цагт сангийн цэвэр активын үнэлгээг өөрийн цахим хуудсаар мэдээлэх, уг мэдээллийг Хороонд хүргэх;

39.4.2.хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активын үнэлгээний аргачлал, бүртгэлийн талаар өөрийн цахим хуудсаар тодорхой мэдээлэх;

39.4.3.арилжаалсан үнэт цаас, үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг хэрэгжүүлэх талаар кастодиантай гэрээ байгуулж, түүнд тооцоолол нийтэд хүргэх мэдээллийн талаар дэлгэрэнгүй тусгасан байх;

39.4.4.сангийн цэвэр активын үнэлгээг кастодиан гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгө оруулалтын менежментийн компани давхар хяналт тавих; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.4.5.Хорооноос тогтоосон бусад. /Энэ заалтын дугаарт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.5.Хороо, түүнээс томилогдсон этгээд хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэлтэй холбоотой баримт бичигтэй танилцах, үнэ төлбөргүйгээр хуулбарлан авах эрхтэй байна.

39.6.Хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх этгээд нь тухайн санд үйлчилгээ үзүүлж байгаа кастодиан, аудитын компани, түүний ажилтан болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглоно.

39.7.Тухайн хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж байгаа этгээд уг үйлчилгээг үзүүлж байх хугацаандаа болон уг үйлчилгээг үзүүлж дууссанаас хойш таван жилийн хугацаанд тухайн санд хөндлөнгийн аудит хийхийг хориглоно.

39.8.Энэ хуулийн 141 дүгээр зүйлд зааснаас бусад хөрөнгө оруулалтын сангийн санхүүгийн тайлан бэлтгэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх зааврыг Хороо санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.