4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“хөрөнгө оруулалтын сан” гэж хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс, эсхүл хаалттай хүрээнд төвлөрүүлж, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бүрэн төлөөлж ажиллах санг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.2.“хамтын хөрөнгө оруулалтын сан” гэж нэгж эрхээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд санал болгон хөрөнгө төвлөрүүлэх эрх бүхий хөрөнгө оруулалтын санг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.3."хувийн хөрөнгө оруулалтын сан" гэж нэгж эрхээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.19-д заасан этгээдийн хүрээнд санал болгон гэрээний үндсэн дээр хөрөнгө төвлөрүүлэх эрх бүхий хөрөнгө оруулалтын санг;
4.1.4."хөрөнгө оруулалтын сангийн цэвэр актив" гэж хөрөнгө оруулалтын сангийн санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгийн дүнгээс өр төлбөрийг хасаад үлдсэн хөрөнгийг;
4.1.5."хөрөнгө оруулалтын сангийн зардал" гэж хөрөнгө оруулалтын санд бусдаас үзүүлэх хөрөнгө итгэмжлэн удирдах, кастодиан, брокер, нягтлан бодох бүртгэлийн зэрэг үйлчилгээний нийт төлбөрийг;
4.1.6."хөрөнгө оруулалтын хэрэгсэл" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон энэ хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-оос тогтоосон бөгөөд тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогод заасан, хөрөнгө оруулалт хийж болох санхүүгийн хэрэгслийг;
4.1.7."нэгж эрх" гэж хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэх нэрийн үнэт цаасыг;
4.1.8."нэгж эрхийг анх удаа нийтэд санал болгох" гэж хөрөнгө оруулалтын сангаас сангийн нэгж эрхийг худалдан авахыг анх удаа нийтэд санал болгох ажиллагааг;
4.1.9."нэгж эрхийн танилцуулга" гэж хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд тухайн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг худалдан авах саналыг хүргүүлэхтэй холбоотой, уг санг үүсгэн байгуулагчаас энэ хуульд заасан журмын дагуу бэлтгэсэн баримт бичгийн бүрдлийг;
4.1.10."хөрөнгө оруулалтын сангийн гишүүн" гэж тухайн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулж сангийн нэгж эрхийг эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг;
4.1.11.“хөрөнгө оруулалтын менежментийн компани” гэж хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээний дагуу түүний хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай хуулийн этгээдийг; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.12."кастодиан" гэж хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хөрөнгөөс тусгаарлан хадгалж, төлбөр, тооцоог гүйцэтгэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, хөрөнгө оруулалтын сангийн гишүүдэд холбогдох мэдээллийг өгөх зэрэг үйлчилгээг хууль болон хөрөнгө хадгалах гэрээний хүрээнд үзүүлэх кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай хуулийн этгээдийг;
4.1.13."тохиромжтой этгээд" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан этгээдийг;
4.1.14."холбогдох этгээд" гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.30-д заасан этгээдийг.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТӨРӨЛ, ХЭЛБЭР, УДИРДЛАГА, ЗАРЧИМ