41 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активыг тооцох, үнэлэх
41.1.Хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активыг Хорооноос баталсан журмын дагуу тооцоолно.
41.2.Хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активыг үнэлэх журмыг Хороо батална.
41.3.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүтцэд байгаа үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, эрхийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хөндлөнгийн үнэлгээчин гүйцэтгэнэ.
41.4.Хөрөнгө оруулалтын санд хөрөнгийг хүлээн авах, аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхэд тухай бүр үнэлэх бөгөөд Хорооноос тухайлан өөр хугацаа тогтоогоогүй бол хөрөнгө оруулалтын сангийн актив дахь хөрөнгөд дахин үнэлгээг жилд нэгээс доошгүй удаа хийнэ.
41.5.Үнэлгээчин, эсхүл үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан болон аудитын компани, түүний ажилтан болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглоно.