44 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын менежментийн компани

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын менежментийн компани

44.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үндсэн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх, түүнийг төлөөлөх ажиллагаа байна.

44.2.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд энэ хууль болон Хорооноос тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана.

44.3.Хамтын хөрөнгө оруулалтын санд үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байнгын, үнэт цаасны хөрөнгө оруулалтын хоёроос доошгүй зөвлөхтэй байна.

44.4.Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, түүний удирдлагад байгаа хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөтэй харьцах харьцааны зохистой хувь, хэмжээг Хороо тогтооно.

44.5.Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн 10-аас дээш хувийн хувьцааг эзэмшигч болон эрх бүхий албан тушаалтан, сангийн активыг бүрдүүлж байгаа хөрөнгийг итгэмжлэн удирдах үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхүүд нь Хорооноос тохиромжтой гэж үзсэн этгээд байх бөгөөд дараах этгээд байхыг хориглоно:

44.5.1.хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, банк, даатгал, үнэт цаасны салбарт үйл ажиллагаа явуулж байгаад зөрчлийн улмаас тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байсан бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас хойш гурван жил болоогүй байгаа;

44.5.2.даатгал, санхүү, банк, үнэт цаасны салбарт ажиллаж байгаад зөрчлийн улмаас Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээснээс хойш нэг жил өнгөрөөгүй байгаа;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

44.5.3.эдийн засгийн болон төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял эдэлсэн этгээд.

44.6.Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөх нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх бөгөөд мэргэжлийн хариуцлагын даатгалд хамрагдсан байна.

44.7.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь энэ хуульд заасан үйл ажиллагааг зөвхөн доор дурдсан үйл ажиллагаатай хавсран эрхэлж болно:

44.7.1.үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ; /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

44.7.2.үнэт цаасыг итгэмжлэн удирдах;

44.7.3.хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах;

44.7.4.даатгалын компанийн нөөц хөрөнгийг итгэмжлэн удирдах;

44.7.5.хуулиар зөвшөөрсөн бусад.

44.8.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь доор дурдсан нийтлэг үүрэгтэй:

44.8.1.хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг кастодианд хадгалуулах;

44.8.2.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой санхүүгийн анхан шатны бүх баримтыг үйлдсэн болон хүлээн авсан даруйдаа хувийг нь мэргэшсэн нягтлан бодогч болон кастодианд хүргүүлэх;

44.8.3.Хорооноос тогтоосон мэдээ, тайланг тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь гаргаж өгөх;

44.8.4.хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс хамаарч холбогдох мэдээллийг нийтэд болон гишүүдэд мэдээлэх;

44.8.5.Хорооны зөвшөөрөлгүйгээр өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн болон эрх бүхий албан тушаалтан, төлөөлөгчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй байх;

44.8.6.Хороо хүлээн зөвшөөрсөн аудитын компанитай аудитын дүгнэлт гаргуулах тухай гэрээ байгуулах;

44.8.7.энэ хууль болон Хорооноос тогтоосон бусад шаардлагыг мөрдөн ажиллах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.