45 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох

45.1.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27.2-т зааснаас гадна доор дурдсан баримт бичгийг хавсаргана:

45.1.1.хүсэлт гаргагч хуулийн этгээдийн дүрмийн хуулбар, хуулийн этгээдийн бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээлэл;

45.1.2.хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааг нэгээс доошгүй жилийн хугацаанд эрхлэх нөхцөлөөр хийсэн эдийн засгийн үр ашгийн судалгаа, тооцоолол;

45.1.3.хүсэлт гаргагч хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл, дотоод аудитын хороо болон гүйцэтгэх удирдлага зэрэг эрх бүхий албан тушаалтан тус бүрийн боловсрол, мэргэжлийн туршлага, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх зэрэг тохиромжтой этгээд болох тухай мэдээлэл;

45.1.4.хөрөнгө оруулалтын зөвлөхийн боловсрол, мэргэжлийн туршлага болон гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай мэдээлэл;

45.1.5.сүүлийн санхүүгийн тайлан, өөр бусад үйл ажиллагаа эрхэлж байсан бол санхүүгийн аудит хийлгэсэн тайлан;

45.1.6.хүсэлт гаргасан хуулийн этгээдийн нийт гаргасан үнэт цаасны таваас дээш хувийг өмчилж байгаа иргэний боловсрол, туршлагын талаарх мэдээлэл, хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны тухай мэдээлэл болон сүүлийн санхүүгийн тайлан.

45.2.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг Хороо гаргана. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

45.3.Хороо доор дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

45.3.1.хүсэлт гаргагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан тохиромжтой этгээд биш болох нь тогтоогдсон; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

45.3.2.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.10, 24.1.15, 24.1.16, 24.1.17-д заасан үйл ажиллагаа эрхлэгч болон түүний холбогдох этгээд нь хүсэлт гаргагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан болох нь тогтоогдсон; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

45.3.3.хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтны холбогдох этгээд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.5, 24.1.10, 24.1.15-24.1.17-д заасан үйл ажиллагаа эрхлэгчийн хувьцаа эзэмшигч, шийдвэр гаргах төвшний албан тушаалтан болох нь тогтоогдсон; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

45.3.4.хүсэлт гаргагч хуулийн этгээд нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хангах зорилгод харшилж болзошгүй өөр төрлийн ашгийн төлөө үйл ажиллагаа давхар эрхэлдэг, эсхүл уг төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдтэй харилцан хамааралтай нь тогтоогдсон;

45.3.5.хуульд заасан бусад үндэслэл.

45.4.Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасан арга хэмжээ авна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

45.5.Хороо хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосны дараа энэ хуулийн 45.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол тухайн хөрөнгө оруулалтын менежментийн компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж болно.

45.6.Хорооноос гаргасан хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрт зөрчлийг арилгах хугацаа, уг хугацаанд биелүүлэх үүрэг, даалгаврыг тодорхой тусгана.

45.7.Хорооноос тогтоосон хугацаанд зөрчлийг бүрэн арилгасан, үүрэг, даалгаврыг биелүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг сэргээхэд харшлах өөр бусад үндэслэл тогтоогдоогүй нөхцөлд Хороо тусгай зөвшөөрлийг сэргээнэ.

45.8.Тусгай зөвшөөрлийг сэргээх нь уг тусгай зөвшөөрлийн анх олгосон хугацааг сунгах, өөрчлөх үндэслэл болохгүй.

45.9.Энэ хуулийн 45.6-д заасан хугацаанд түдгэлзүүлэх үндэслэлийг арилгаагүй, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.

45.10.Хороо тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр хүчингүй болгоно:

45.10.1.тухайн хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, шамшигдуулсан, залилангийн шинж чанартай үйлдэл хийсэн нь тогтоогдсон;

45.10.2.хууль болон хөрөнгө оруулалтын сангийн дүрмийг зөрчиж хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний албан тушаалтан сонирхлын зөрчил бүхий үйлдэл хийсэн нь тогтоогдсон;

45.10.3.хувийн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг нийтэд санал болгосон;

45.10.4.Хороо, олон нийт, хөрөнгө оруулагчид мэдээлэх үүргийг удаа дараа биелүүлээгүй;

45.10.5.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувьцааны 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

45.11.Хороо хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь тухайн менежментийн компанийн үйлчилгээ үзүүлж байсан хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн удирдлагыг өөр бусад эрх бүхий менежментийн компанид шилжүүлэх, эсхүл тийнхүү шилжүүлэх боломжгүй бол тухайн санг татан буулгах үндэслэл болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.