46 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаанд хориглох зүйл болон бусад үйл ажиллагаа

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаанд хориглох зүйл болон бусад үйл ажиллагаа

46.1.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд, албан тушаалтанд доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

46.1.1.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт заагдаагүй хэлбэрээр сангийн хөрөнгийг зарцуулах;

46.1.2.энэ хууль болон Хорооноос тогтоосон активт тавих шаардлага, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зөрчих үр дагавар бүхий хэлцэл хийх;

46.1.3.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг бусдад үнэ төлбөргүй шилжүүлэх;

46.1.4.тухайн үед хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөнд шилжээгүй байгаа эд зүйлийг шилжүүлэх үүрэг хүлээсэн хэлцэл хийх;

46.1.5.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг өөрийн болон гуравдагч этгээдийн өр төлбөрийг төлөх барьцаа, баталгаа болгон ашиглах;

46.1.6.хууль, журам болон хөрөнгө оруулалтын бодлогыг зөрчиж хөрөнгө оруулалт хийхийг хориглосон зүйлд хөрөнгө оруулах, эсхүл тогтоосон хэмжээг хэтрүүлэх;

46.1.7.энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан төлбөр, урамшууллаас бусад арга, хэлбэрээр хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг өөрийн өмчлөлд төлбөргүйгээр шилжүүлэн авах;

46.1.8.өөрийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс тусгаарлалгүйгээр хөрөнгийн өмчлөлийг ялгах боломжгүй байдлыг үүсгэх;

46.1.9.тухайн хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын санд кастодианы болон бусад үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн хувьцааг худалдан авах замаар нэгдмэл сонирхлыг бий болгох.

46.1.10.хувийн ашиг сонирхлын үүднээс сангийн хөрөнгийг зарцуулах, удирдлагын зардлыг үндэслэлгүй хэтрүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.1.11.сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ эрсдэлийг төвлөрүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.1.12.сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин, сангийн гишүүдийн хурлын зардал, хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ болон гүйцэтгэлийн урамшууллаас бусад төлбөр, хураамжийг сангийн хөрөнгөөс гаргах. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

46.2.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хөрөнгө оруулалтын сан нь гэрээг цуцалж, хөрөнгө оруулалтын менежментийн өөр компанитай гэрээ байгуулах эрхтэй.

46.3.Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлж байсан компани нь дараагийн хөрөнгө оруулалтын менежментийн компанид доор дурдсан зүйлийг үнэ төлбөргүй шилжүүлнэ:

46.3.1.тухайн хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, журам, тусгай зөвшөөрөл, гэрчилгээ зэрэг хуулийн этгээдийн баримт бичгийг;

46.3.2.тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг удирдах, захиран зарцуулах эрхтэй холбоотой эрх, баримт бичгийг;

46.3.3.тухайн хөрөнгө оруулалтын сангаас, эсхүл түүний нэрийн өмнөөс байгуулсан гэрээ, хэлцлийг;

46.3.4.тухайн хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн тайлан зэрэг санхүүгийн бүх материалын эх хувийг цахим мэдээллийн хамт.

46.4.Хууль болон тухайн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд заасан үүргээ энэ хуулийн 46.2-т заасан дараагийн хөрөнгө оруулалтын менежментийн компанитай гэрээ байгуулах, уг гэрээ хүчин төгөлдөр болох хүртэл тасралтгүй хэрэгжүүлнэ.

46.5.Хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани нь энэ хуульд, эсхүл хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээнд заасан үндэслэлээр гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс татгалзаж болно.

46.6.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ажиллагааг зогсоохоос 60-аас доошгүй хоногийн өмнө сангийн төлөөлөн удирдах зөвлөл болон Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

46.7.Үүргээ хэрэгжүүлэх ажиллагааг зогсоосноос хойш тав хоногийн хугацаанд хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хөрөнгө, нийт баримт бичгийг дараагийн хөрөнгө оруулалтын менежментийн компанид шилжүүлнэ.

46.8.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь сан үүсгэн байгуулах баримт бичиг, сангийн дүрэмд үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын компани нь сантай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас санд учруулсан хохирлыг хариуцахгүй тухай аливаа заалт тусгахыг хориглох бөгөөд тусгасан тохиолдолд тэдгээр заалт нь хүчин төгөлдөр бус байна.

46.9.Хөрөнгө оруулалтын менежментийн компанид хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээнд заасны дагуу үйлчилгээ үзүүлсний төлбөрийг төлнө.

46.10.Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах явцдаа санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг болон сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг зөрчсөний улмаас тухайн санд учруулсан алдагдлыг тус тус өөрийн хөрөнгөөр хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.