48 дугаар зүйл. Кастодианы үйл ажиллагаа

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Кастодианы үйл ажиллагаа

48.1.Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүртгэл, хадгалалтыг хөрөнгө оруулалтын сантай байгуулсан хөрөнгө хадгалах тухай гэрээний үндсэн дээр кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ.

48.2.Хороо дараах нөхцөл, шаардлагыг хангасан банканд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож болно:

48.2.1.Хорооноос тогтоосон санхүүгийн шалгуур үзүүлэлтийг хангасан;

48.2.2.кастодианы үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн хүний нөөц, техникийн нөхцөлийг хангасан;

48.2.3.гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан нь тохиромжтой этгээд;

48.2.4.тухайн хүсэлт гаргасан хуулийн этгээдийг дампууруулах, үйл ажиллагааг нь зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл өөрийн хөрөнгийн 25 хувиас дээш хэмжээний өр төлбөрийн асуудал үүсээгүй байгаа;

48.2.5.энэ хуулийн 48.6, 48.7-д заасан кастодианы үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой дүрэм, журмыг Хороогоор хянуулсан.

48.3.Кастодиан нь нэг хөрөнгө оруулалтын сангийн тухайд хөрөнгө оруулалтын менежментийн болон кастодианы үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлэхийг хориглоно.

48.4.Кастодианы үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнаар доор дурдсан этгээд ажиллахыг хориглоно:

48.4.1.хөрөнгө оруулалтын менежментийн компани, үнэт цаасны зах зээлийн бусад зохицуулалттай этгээд, зээлийн болон даатгалын үйлчилгээ үзүүлдэг банк, санхүүгийн байгууллагын гүйцэтгэх удирдлагад ажиллаж байх үед тэдгээр байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөрчлийн улмаас хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрөөгүй;

48.4.2.санхүү, үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлж байх явцад зөрчил гаргасны улмаас Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээснээс хойш нэг жил өнгөрөөгүй;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

48.4.3.эдийн засгийн болон төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан.

48.5.Хороо кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, сэргээх болон цуцлах, хүчингүй болгох ажиллагааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гүйцэтгэнэ.

48.6.Кастодианы үйл ажиллагаа эрхлэх нийтлэг журмыг Хороо тогтоох бөгөөд кастодиан нь компанийн дүрэм болон кастодианы үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой багц журмаа Хороонд бүртгүүлнэ.

48.7.Энэ хуулийн 48.6-д заасан кастодианы үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой багц журамд доор дурдсан журам хамаарна:

48.7.1.кастодианы үйл ажиллагаа эрхлэх дотоод журам;

48.7.2.кастодианы үйл ажиллагааны санхүүгийн анхан шатны баримтын болон харилцагчид хүргэх тайлангийн маягт, заавар;

48.7.3.хөрөнгө оруулалтын менежментийн компани нь түүний хадгалалтад байгаа хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активын өртгийг тодорхойлох, нэгж эрхийн өртгийг тооцоолох, сангийн хөрөнгийг захиран зарцуулахдаа энэ хууль болон бусад хууль тогтоомж, Хорооноос баталсан журам, зааврын хэрэгжилтэд хяналт тавих журам;

48.7.4.кастодианы үйл ажиллагаанд тавих шаардлагын хэрэгжилтэд байнгын хяналт тавих дотоод журам;

48.7.5.сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих журам.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.