49 дугаар зүйл. Кастодианы нийтлэг бүрэн эрх, чиг үүрэг

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Кастодианы нийтлэг бүрэн эрх, чиг үүрэг

49.1.Кастодиан нь хөндлөнгийн гуравдагч этгээдийн хувиар хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүртгэл, хадгалалтыг эрхэлж, хөрөнгийн зарцуулалтад хууль, журам болон гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавьж, холбогдох мэдээллийг гаргаж өгөх нийтлэг бүрэн эрхтэй байна.

49.2.Кастодиан нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигч хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлын төлөө ажиллах нийтлэг үүрэгтэй байна.

49.3.Кастодиан нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөтэй холбоотой доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

49.3.1.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хөрөнгө хадгалах гэрээний үндсэн дээр хүлээн авах, хадгалах;

49.3.2.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөтэй холбоотой анхан шатны бүх баримтын хувийг хүлээн авч хадгалах, түүнчлэн сангийн мэдлийн үл хөдлөх хөрөнгийн хөдөлгөөнтэй холбогдох үндсэн баримтын эх хувийг хүлээн авч хадгалах;

49.3.3.хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн тухайлсан бүртгэлийг хөтлөх;

49.3.4.хөрөнгө оруулалтын менежментийн компанийн зүгээс хөрөнгийн удирдлагын үйлчилгээг хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа эсэхэд гуравдагч этгээдийн хувиар хяналт тавих, хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн хөрөнгийг захиран зарцуулахад хяналт тавих, сангийн үнэт цаасыг шилжүүлэхээр менежментийн компаниас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

49.3.5.хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активын өртөг, хэмжээ болон нэгж эрхийн тооцооны өртөг, олгосон болон буцаан худалдан авсан нэгж эрхийн тоог зөв тодорхойлсон эсэхэд хяналт тавих;

49.3.6.хууль, журам, хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд заасан мэдээллийг хөрөнгө оруулалтын сангийн гишүүн, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон эрх бүхий бусад этгээдэд гаргаж өгөх;

49.3.7.хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн талаар хөрөнгө оруулалтын менежментийн компаниас сангийн гишүүдэд, эсхүл нийтэд өгөх мэдээллийг бэлтгэхэд шаардлагатай мэдээллийг хөрөнгө оруулалтын менежментийн компанид гаргаж өгөх, тухай бүр мэдээ, тайланг хүргүүлэх үйлчилгээг гэрээний үндсэн дээр сангийн гишүүдэд үзүүлэх;

49.3.8.энэ хууль болон Хорооноос баталсан журмаар тогтоосон бусад шаардлагыг биелүүлж ажиллах.

49.4.Кастодиан нь хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний ажилтны зүгээс энэ хууль, Хорооноос баталсан журам, сангийн дүрэм, журам, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг зөрчсөн үйлдлийг илрүүлсэн тохиолдолд энэ талаар гурав хоногийн дотор Хороонд мэдэгдэх үүрэгтэй.

49.5.Хөрөнгө хадгалах гэрээнд өөрөөр заагаагүй бол кастодиан нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг ашиглах болон захиран зарцуулах эрхгүй бөгөөд хөрөнгө хадгалсны төлөө хөрөнгө хадгалах гэрээнд заасны дагуу үйлчилгээний төлбөр авах эрхтэй. Кастодиан нь хадгалалтад авсан хөрөнгөд хүү төлөх үүрэг хүлээхгүй.

49.6.Хөрөнгө оруулалтын сангийн эзэмшил дэх санхүүгийн хэрэгсэл, түүгээр гэрчлэгдсэн эрхийг кастодиан тусдаа дансанд бүртгэнэ.

49.7.Кастодиан нь кастодианы үйл ажиллагаанаас гадна хууль тогтоомжоор хориглоогүй үнэт цаасны зах зээлийн бусад зохицуулалттай үйл ажиллагааг эрхэлж болох бөгөөд энэ тохиолдолд кастодианы үйл ажиллагаатай холбоотой хэсгийг зохион байгуулалтын хувьд тусгаар нэгжийн зохион байгуулалттайгаар эрхэлнэ.

49.8.Кастодиан нь хувийн тэтгэврийн сангийн болон даатгалын нөөц санд хуримтлагдсан хөрөнгийг итгэмжлэн удирдаж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компанид энэ хуулийн 48.1-д заасан үйлчилгээг үзүүлж болно.

49.9.Кастодиан нь кастодианы үйл ажиллагааны талаар бусдад зөвлөгөө өгөх, уг үйл ажиллагааны зохион байгуулалт, төлбөрийн талаар бусдад мэдээлэл өгөх, хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох болон хамтын хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн бүртгэлийг хөтлөх үйлчилгээг давхар үзүүлж болно.

49.10.Хөрөнгө оруулалтын нэг санд кастодианы үйлчилгээг зөвхөн нэг кастодиан үзүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.